Зочид буудалд зодоон үүсгэсэн Усман, У.Нурмагомедов нарыг М.Двалишвилиний хүсэлтээр суллаж, 40,800 ам.доллараар торгожээ

Зочид буудалд зодоон үүсгэсэн Усман, У.Нурмагомедов нарыг М.Двалишвилиний хүсэлтээр суллаж, 40,800 ам.доллараар торгожээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Даби хотын "Yas Hilton" зочид буудлын үүдний танхимд энэ сарын 11-ний өдөр болсон бөөн зодооны хэрэгт холбогдсон Оросын холимог тулаанч Усман болон Умар Нурмагомедов тэргүүтэй найман хүнийг хорих ангиас суллаж, тус улсаас албадан гаргах шийдвэрийг шүүхээс гаргажээ.

"Real American Freestyle" бөхийн тэмцээнд оролцохоор Абу-Дабид очоод байсан Нурмагомедовын ах дүүс болон тэдний багийнхан ярилцлага өгч байсан UFC-ийн аварга асан Мераб Двалишвили рүү гэнэт дайрснаар зодоон эхэлсэн юм. Хэргийн дараа цагдаагийн газраас тэднийг баривчилж, 11-р сарын 13-ны өдөр Абу-Дабигийн Эрүүгийн шүүхээс олон нийтийн аюулгүй байдлыг алдагдуулсан болон зодооны бичлэгийг олон нийтийн сүлжээнд тараасан хэргээр нийт найман хүнд тус бүр зургаан сарын хорих ял, 300 мянган дирхамын (ойролцоогоор 81,600 ам.доллар) торгууль оногдуулаад байв. Харин хохирогч Мераб Двалишвили болон түүний найз Саба Лазишвили нарыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэргээр тус бүр 50 мянган дирхамаар торгоод батлан даалтаар сулласан юм.

Улмаар хохирогч Мераб Двалишвили өөр рүү нь дайрсан тамирчдыг шоронд хорихгүй байхыг АНЭУ-ын эрх баригчдаас хүсэж, гомдлоосоо татгалзсанаас гадна UFC-ийн домогт аварга Хабиб Нурмагомедов Абу-Дабид хүрэлцэн ирж зөвшилцсөнөөр хоёр тал эвлэрсэн байна. Үүний үндсэн дээр шүүх 11-р сарын 17-нд шийдвэрээ өөрчилж, Нурмагомедовын ах дүүс тэргүүтэй найман шүүгдэгчийн 6 сарын хорих ялыг хүчингүй болгон, торгуулийн хэмжээг тус бүр 150 мянган дирхам (ойролцоогоор 40,800 ам.доллар) болгон бууруулж суллаад, АНЭУ-аас албадан гаргажээ. Хэдийгээр Мераб Двалишвили тэднийг суллахад тусалсан ч Усман, Умар нарыг хулчгар үйлдэл гаргасан хэмээн шүүмжилж, цаашид тэдэнтэй хэзээ ч гар барихгүй гэдгээ мэдэгдсэн байна.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө