Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна. Учир нь Хотын дарга асан Х.Нямбаатарын удаа дараа хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дээрх мэдэгдлийг хэлэлцэж байгаа гэх албан бус мэдээлэл байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд Ерөнхийлөгч хүсэлтээ УИХ-д өргөн мэдүүлж, парламент хүсэлтийг нь ёсоор болгосноор бүрэн эрх нь хугацаанаас өмнө дуусгавар болох зохицуулалттай.
Харин Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд УИХ дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зарлан явуулах үүрэгтэй.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг маргааш буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 18-нд Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж магадгүй байна. Улмаар энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, хүсэлтийг нь хангаж болзошгүй гэх мэдээлэл байна.
Хэрэв УИХ Ерөнхийлөгчийн хүсэлтийг ёсоор болгож, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болговол Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор буюу 2027 оны гуравдугаар сарын 20-ноос өмнө зарлан явуулах шаардлагатай болно.