Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болбол УИХ дөрвөн сарын дотор ээлжит бус сонгууль зарлан явуулна

2026-11-17 11:58

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч огцрох өргөдлөө өнөөдөр хүргүүлнэ. Пүрэв гарагт УИХ-ын чуулганаар асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгч буй тухайгаа мэдэгдлээ. 

Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр  сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Тэрбээр "Ерөнхийлөгч огцрох өргөдлөө өнөөдөр өргөдлөө хүргүүлнэ. Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад, Пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудал шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Ерөнхийлөгчийг эзгүйд УИХ-ын дарга дараагийн сонгууль болж, шинэ Ерөнхийлөгч тангараг өргөтөл түр орлоно. УИХ-аар шийдэгдсэний дараа дөрвөн сарын хугацаанд дараагийн сонгууль явагдана гэсэн үг.  УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжвэл Ерөнхийлөгч огцрох нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр УИХ-ын даргатай уулзаж, асуудлыг тодорхой мэдээлнэ" хэмээлээ. 

2026-11-17 11:13

Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болбол УИХ дөрвөн сарын дотор ээлжит бус сонгууль зарлан явуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгч буй тухайгаа мэдээллээ.  Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө огцруулах үндэслэл болон журмыг тусгайлан заасан байдаг билээ. 

Тодруулбал, Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна”. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж, Үндсэн хууль болон бүрэн эрхээ зөрчсөн тохиолдолд Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаж, УИХ уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх учиртай. 

Харин Ерөнхийлөгч эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд өөрөө хүсэлт гарган үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж болно. Үүнийг Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зохицуулсан бөгөөд Ерөнхийлөгч хүсэлтээ УИХ-д гаргаж, парламент уг хүсэлтийг ёсоор болгосон тохиолдолд бүрэн эрх нь хугацаанаас өмнө дуусгавар болно. Мөн Ерөнхийлөгч нас барсан тохиолдолд бүрэн эрх нь хугацаанаас өмнө дуусгавар болохоор хуульчилжээ.

Ерөнхийлөгч огцорсон, нас барсан, эсвэл хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд УИХ-ын дарга шинэ Ерөнхийлөгч сонгогдож тангараг өргөх хүртэл түүний бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулах үүрэгтэй. Харин Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгохоор заасан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно гэж Үндсэн хуулийн 32 дугаар зүйлд тусгажээ.

2026-11-17 11:04

У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

У.Хүрэлсүх "Сүүлийн үед үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж байна. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан, зарим гэмт бүлэглэлийн шинжтэй этгээдүүдээс эрээ цээргүй довтолгоо хийж, төрийн тэргүүн болон ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон үйлдлүүд гарч байгааг та бүхэн мэдэж байгаа байх.

Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдана гэдэг нь ард түмний нэр хүндэд халдаж байна гэсэн үг. Мөн Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд халдаж байна гэсэн үг. Ерөнхийлөгчийн нэр хүнд бол улс орны гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаатай шууд холбоотой асуудал. Хүнийг үндэслэлгүйгээр онц ноцтой гэмт хэрэгт холбон гүтгэж, доромжилж байна. 

Ерөнхийлөгч хүн бүх асуудалд оролцож, тухай бүрд нь хариу өгөөд байх боломжгүй. Монгол Улсад хүн биш, хууль засагладаг. Өчигдөр Ардчилсан намын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаа өгч, үнэн мөнийг тогтоолгох хэрэгтэй гэсэн байна. Би үүнтэй санал нэг байна. Төрийн тэргүүний үүрэгт ажлаа өгч, үнэн худлыг тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Иймд Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө. Би нэр төрөө сэргээнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн. Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, улс орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөхийн төлөө ажилласан. Би офицер хүн. Хулгай хийж, хуурч мэхэлж явсангүй. Энэ бол миний үндсэн зан чанар, хүмүүжил. Иймд шударга ёсыг тогтоож, үнэн мөнийг тогтоолгохын тулд үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө. Би ард түмнээсээ, төр засгаасаа хулгай хийж үзээгүй. Харин хулгайд алдагдсан үйлдвэр, баялгийг эх орондоо буцаан авчрахын төлөө ажиллаж ирсэн. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд өргөсөн тангарагтаа үнэнч байсан гэдгээ хэлмээр байна.

Би үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, жирийн иргэн болно. Үүний дараа хэвлэл мэдээллийн байгууллагуудтай уулзаж, бүх асуудлын талаар нээлттэй ярилцана. Надад хэлэх, тайлбарлах зүйл олон бий. Төрийн тэргүүний албан тушаал хашиж байгаа хүнд ярих, ярихгүй зүйл гэж байдаг. Харин ажлаа өгснийхөө дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" хэмээн ярилаа.