СУРВАЛЖИЛГА: Ороо нь орж, хүн рүү дайрсан бугыг аюулгүй болгохоор ажиллаж байсан байгаль хамгаалагч гуя руугаа сүлбүүлж, зургаан оёдол тавиулжээ

СУРВАЛЖИЛГА: Ороо нь орж, хүн рүү дайрсан бугыг аюулгүй болгохоор ажиллаж байсан байгаль хамгаалагч гуя руугаа сүлбүүлж, зургаан оёдол тавиулжээ

Өнгөрсөн долоо хоногт Богдхан уулын Зайсангийн аманд нэгэн залуу салхилж яваад бугатай таарч, мөргүүлсэн талаарх дүрс, бичлэг цахим орчинд олны анхаарлыг татсан. Гэвч буга хүн мөргөж байгаа анхны тохиолдол биш бөгөөд ороо нь орсон энэ үеүдэд бугын зан авир ширүүн болдог учир Зайсангийн амаар алхаж буй иргэдийг мөргөх, хөөх тохиолдол цөөнгүй гардаг байна. Мөн иргэд бугыг гар дээрээс хооллож, хүнд дасгаснаас шалтгаалан буга хүнээс айхаа больж мөргөх тохиолдол олширч байгаа тул зэрлэг амьтныг зэрлэг хэвээр байлгах нь хооллохоос илүү буян болдог гэдгийг Зайсангийн амны байгаль хамгаалагч С.Анхбаяр онцолсон юм.

ВИДЕО:

-“ХҮМҮҮС  БУГЫГ ГАР ДЭЭРЭЭС ХООЛЛОЖ СУРГАСНААС БОЛЖ ӨЛСӨХӨӨР УУЛНААС БУУЖ ИРЭЭД ХООЛ ГОРЬДООД ЗОГСДОГ БОЛЧИХСОН”-

1 сая 700 мянга орчим хүн амьдардаг Улаанбаатар хотод чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхдээ салхинд гаргах боломжтой цөөхөн газруудын нэг Богдхан уулын Зайсангийн ам билээ. Тус газарт өдөр бүр хүмүүс олноороо ирж салхилдаг бөгөөд өвлийн цагт утаа харьцангуй бага, хот дотор байдаг ойрхон учир хүний хөл энэ газарт татрахгүй. Харин ирж салхилж байгаа хүмүүсийн хувьд “буян” хийхийн тулд хэмээн бугыг гар дээрээс хооллох тренд дэлгэрээд байгаа аж. Зайсангийн аманд буганы тархац их “Дугуй цагаан” орчим руу буга бууж ирэх тохиолдол их учир тэднийг салхилж яваа иргэд хооллосоор байгаад хүнээс айж эмээхээ больсон хэмээн тус газрын байгаль хамгаалагч ярьсан юм.

Богдхан уулын Зайсангийн амны байгаль хамгаалагч С.Анхбаяр, “Хүмүүс бугыг гар хооллож байгаа, ойртоод зураг, бичлэг хийж байгаа тохиолдол маш их байдаг. Энэ болгонд шаардлага тавихаар “Сүртэй юм”, “Би буян хийж байна”, “Ойртоод ганц зураг дарчихъя” гэх мэтчилэн уурладаг. Гэвч эдгээр хүмүүс зэрлэг амьтныг хүнд дасгаснаар буян биш харин ч гай болж магадгүй гэдгээ огт ойлгодоггүй. Нэгдүгээрт, буга бол зэрлэг амьтан. Хүний гарыг харалгүйгээр өөрөө хоолоо олж идээд явах ёстой амьтан.

Гэтэл хүмүүс хоол өгөж сургасан учир өлсөхөөрөө Зайсангийн ам руу бууж ирээд хүмүүсээс хоол горьдоод зогсдог болчихсон. Ийм бугануудын тоо жил ирэх тусам л ихсэж байна.

Хоёрдугаарт, энгийн үеүдэд хүн рүү дайрах гар дээрээс чинь хоол идэж байж болно. Гэхдээ ороо нь орсон энэ үед зан авирын хувьд догшин болж хүн ойртох л юм бол биеэ хамгаалах зөнгөөрөө шууд ирээд мөргөж байна.

Аравдугаар сарын сүүлээр Зайсангийн аманд нэг буга хүн рүү дайрч, араас хөөгөөд байсан. Би тухайн бугыг аюулгүй болгохоор уулын дээш хөөсөн боловч эргэж над руу дайраад миний зузаан гуя руу эврээрээ сүлбэсэн. Яг одоо үед бугын ясан эвэр ургасан, ороо нь орсон байхдаа хоорондоо их мөргөлддөг учир бараг хутга шиг л үзүүртэй болсон байдаг. Гуя руугаа сүлбүүлээд маш том шарх авч, зургаан оёдол тавиулсан. Харин ч өөрийгөө азтай гэж бодоод байгаа, дахиад мөргөсөн бол үүнээс ч илүү гэмтэл авах байсан болов уу. Хүмүүсийг нэг л зүйлд уриалмаар байна. Буян хийнэ гэсэн нэрийн дор битгий зэрлэг амьдыг хооллоорой. Энэ нь эргээд маш том сөрөг үр дагаваруудыг дагуулж байдаг юм шүү” хэмээлээ.

Богдхан уулын Зайсангийн амны байгаль хамгаалагч С.Анхбаяр

-ХҮНД ДАССАН БУГА ХҮНЭЭС АЙХАА БАЙЖ, БИЕ РҮҮ НЬ ХАЛДАЖ БАЙГАА ТОХИОЛДОЛ ОЛОН БАЙНА"-

Харин цахим орчинд буганд мөргүүлсэн талаараа өөрийн цахим хуудсандаа анх байршуулсан залуу болох уурхайчин, контент бүтээгч Ж.Гантулга, “Өмнө хүмүүсийн бугыг гар дээрээс хооллож байгаа дүрс, бичлэгийг зөндөө олон харж байсан. Ууланд алхдаг найз нөхдөөсөө ч сонсож байсан л даа. Миний хувьд өнгөрсөн долоо хоногт Богдхан ууланд гархаар алхаж байхдаа анх удаа бугатай таарсан. Анх удаа таарсан болохоор надад маш сонирхолтой санагдаад бичлэг хийгээд зогсож байсан чинь өөдөөс удаанаар над руу дөхөж байсан. Би ч өмнө гар дээр хооллож байсан олон дүрс бичлэг харж байсан учир хүнд дассан гэж бодоод байтал ирээд шууд л мөргөсөн. Тухайн үед эвэр нь ам руу орсон учраас шүд бага зэр хөдөлсөн, нүүрэн дээгүүр бага зэргийн шалбархайнууд үүсч, бие хөхөрсөн. Иргэддээ анхааруулахад буга таарвал битгий ойртоорой гэж зөвлөмөөр байна.

Уурхайчин, контент бүтээгч Ж.Гантулга




Өнөөдөр бар өдөр

46 минутын өмнө