Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгтэй холбоотой нэг заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэв.
Тодруулбал, УИХ-аас 2017 оны тавдугаар сарын 18-нд баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахгүй байж болно” гэж заасан байдаг.
Үндсэн хуулийн цэц уг зохицуулалт нь эрх зүйн тодорхойгүй байдал үүсгэж, хүний эрх, эрх чөлөөг хангах баталгааг алдагдуулсан гэж үзжээ. Улмаар Үндсэн хуулийн хууль дээдлэх, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга шүүхээр шүүлгэх эрх болон төрөөс хүний эрхийг хангах баталгаа бүрдүүлэх үүрэгтэй холбоотой заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн байна.
Иймээс Цэц 2026 оны наймдугаар дүгнэлт гаргаж, уг хуулийн заалтыг 2026 оны арваннэгдүгээр сарын 11-нээс эхлэн түдгэлзүүллээ. Ингэснээр шүүгч талуудын хүсэлт, гомдлоор эсвэл өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах боломжтой хэвээр бөгөөд маргаан бүхий заалт түдгэлзсэн нь бусад зохицуулалтын дагуу хэлэлцүүлэг явуулахад саад болохгүй юм.