Элчин сайд А.Н.Евсиков Монголд Роснефтийн ШТС байгуулах зэрэг улсын бодлого зааж, дотоод хэрэгт нь оролцохгүй байх үүргээ зөрчив

Элчин сайд А.Н.Евсиков Монголд Роснефтийн ШТС байгуулах зэрэг улсын бодлого зааж, дотоод хэрэгт нь оролцохгүй байх үүргээ зөрчив

Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд “Роснефтийн ШТС-уудыг Монголд оруулж ирэхийг шаардаж байна” гэх агуулгатай, хиймэл оюун ухаанаар бүтээсэн постууд олноор тархах боллоо. Үүнтэй зэрэгцэн ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Николаевич Евсиков Оросын шатахуун борлуулагч компаниудыг Монголын зах зээлд оруулах боломжийн талаар удаа дараа байр сууриа илэрхийлж байна.

Тэрбээр “Монгол улс шийдэмгий, шуурхай ажиллах ёстой. Монголын тал нааштай ханддаггүй ч ОХУ-ын шатахуун борлуулагч компаниудыг Монголын зах зээлд оруулж болно. Улаанбаатар, Дарханаас Оросын хил хүртэл, мөн Ховдоос Алтайн чиглэлд шатахуун түгээх станц ажиллуулах боломжтой. Монголчууд ямар нэг шалтгаанаар шатахуунаа зориуд нөөцлөөд зах зээлд гаргахгүй байгаа ч юм билүү. Монголын дотоод улс төртэй холбоотой шалтгаан ч байж мэднэ” гэжээ. Мөн Ерөнхий сайд Н.Учрал, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням бухимдалтай байна. ШТС-уудыг аж ахуйн нэгжүүд нөөцөлж байна хэмээв.

ВИДЕО:

Хонон өнжин шатахуунд дугаарлаж буй иргэд ийм саналыг дэмжих нь аргагүй. Хямд шатахуун авах, урт дараалалд зогсохгүй байхыг хэн хүсэхгүй билээ. Гэхдээ бид жоомоо алах гэж байгаад байшингаа шатааж болохгүй.

"РОСНЕФТЬ ЗАХ ЗЭЭЛД НЭВТЭРВЭЛ ДОТООДЫН КОМПАНИУД ЗАХ ЗЭЭЛЭЭС ШАХАГДАХ ЭРСДЭЛТЭЙ"

“Роснефть” компани Монголд өөрийн шатахуун түгээх станцуудаа нээж, шууд худалдаа эрхэлбэл зуучлалын зардал багасаж, эхний үед үнэ буурах боломжтой. Гэхдээ шатахууны үнэ заавал хямдарна гэсэн баталгаа байхгүй. Харин үүнээс цааш ямар үр дагавар гарахыг бодох хэрэгтэй.

Тухайлбал, Оросын төрийн өмчит том компани санхүүгийн болон шатахууны нийлүүлэлтийн давуу байдлаа ашиглан зах зээлд хүчтэй өрсөлдвөл манай дотоодын компаниуд өрсөлдөхөд хүндрэлтэй болно. Улмаар жижиг, дунд компаниуд зах зээлээс шахагдах, үйл ажиллагаагаа зогсоох, ажлын байр цөөрөх эрсдэлтэй. Эцэст нь шатахууны худалдаа цөөн том компанийн мэдэлд төвлөрч болзошгүй. Хамгийн гол нь шатахуун бол энгийн нэг бараа биш. Улс орны эдийн засаг, тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, батлан хамгаалах гээд бүх салбарын үйл ажиллагаанд хэрэгтэй стратегийн бүтээгдэхүүн. Ийм чухал бүтээгдэхүүний нийлүүлэлт, худалдаа нэг улсын нэг компанийн гарт хэт төвлөрвөл Монгол Улс өөрийн хүссэнээр шийдвэр гаргах боломжоо алдаж болзошгүй.

Өөрөөр хэлбэл, эхний үед хямд үнээр худалдаалж, зах зээлд том байр суурь эзэлсний дараа нийлүүлэлтээ багасгах, үнээ нэмэх, худалдааны нөхцөлөө өөрчлөх замаар зах зээлд нөлөөлөх боломж тухайн компанид бий болно. Энэ бол зөвхөн бизнесийн өрсөлдөөний асуудал биш. Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолтой холбоотой асуудал юм. Мөн дотоодын компаниудын орлого гадаад руу шилжих нь улсын валютын урсгалд нөлөөлөх эрсдэлтэй. Бид нэг улсаас хэт хамааралтай байхын ямар эрсдэлтэйг өмнөх жилүүдэд хангалттай мэдэрсэн. Ялангуяа цар тахлын үед хил, тээвэр, шатахууны нийлүүлэлт доголдоход нэг улсаас хамааралтай байх нь манай эдийн засгийг ямар эмзэг байдалд оруулдгийг харсан.

"ЭЛЧИН САЙД МОНГОЛ УЛСЫН ДОТООД БОДЛОГОД ОРОЛЦОХ ЁСГҮЙ"

Нөгөө талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Николаевич Евсиковын байр суурь ч анхаарал татаж байна. Элчин сайдын үүрэг бол өөрийн улсыг төлөөлөх, улсынхаа эрх ашгийг хамгаалах, хоёр улсын харилцааг хөгжүүлэх юм. Энэ хүрээнд Оросын компаниуд Монголд үйл ажиллагаа явуулах санал тавих нь түүний бүрэн эрхийн хүрээнд байж болно. Гэхдээ энэ нь Монгол Улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцох эрх гэсэн үг биш.

1961 оны Дипломат харилцааны тухай Венийн конвенцын 41 дүгээр зүйлд дипломат төлөөлөгчид хүлээн авагч улсынхаа хууль, журмыг хүндэтгэж, дотоод хэрэгт нь оролцохгүй байх үүрэгтэйг заасан байдаг. ЭНД дарж уншина уу.

Монголд ямар компани шатахуун нийлүүлэх, хэн худалдаа эрхлэх, зах зээлээ хэрхэн зохицуулахыг Монголын төр өөрөө шийдэх эрхтэй. Тиймээс Монголын шатахууны хангамж, дотоодын компаниудын үйл ажиллагаа, улс төрийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлэхдээ гадаад улсын дипломат төлөөлөгч энэ зарчмыг анхаарах ёстой.

"РОСНЕФТЬ МОНГОЛД ШТС БАЙГУУЛАХ САНАЛЫГ АНХ УДАА ГАРГАЖ БУЙ НЬ БИШ"

Гэхдээ Роснефть Монголын шатахууны жижиглэнгийн худалдааны зах зээлд нэвтрэх сонирхлоо өнөөдөр анх удаа илэрхийлж байгаа юм биш. Оросын тал 2008 оны эхээр Монгол Улсад 100 шатахуун түгээх станц байгуулах саналаа тухайн үеийн Засгийн газарт хүргүүлж байв. Түүнээс хойш ч энэ асуудал хоёр улсын өндөр түвшний уулзалт, хэлэлцээрийн үеэр хөндөгдөж ирсэн. Харин энэ удаагийн шатахууны хомсдолын үеэр уг саналыг дахин хүчтэй ярьж эхэлсэн нь анхаарал татаж байна.

Монгол Улс өмнөх нийгмийн үед ч, ардчилалд шилжсэнээс хойш ч шатахууныхаа дийлэнх хувийг ОХУ-аас импортолж ирсэн. Өнөөдөр ч газрын тосны бүтээгдэхүүний импортын 90 гаруй хувь ОХУ-аас хамааралтай хэвээр байна.

Нэг улсаас ийм өндөр хамааралтай байгаа нь өөрөө том эрсдэл юм. Үүнийг сүүлийн үеийн шатахууны нийлүүлэлтийн доголдол дахин харууллаа. 2026 онд Украины дроны халдлагын улмаас ОХУ-ын газрын тос боловсруулах зарим үйлдвэрт доголдол гарч, тус улсын дотоодын шатахууны хангамж хүндрэхэд Монголд нийлүүлэх шатахууны хэмжээ ч буурсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Тухайлбал, Reuters агентлаг Монгол Улс Оросын шатахууны хомсдолын нөлөөг хамгийн их мэдэрч буй орнуудын нэг болсон талаар мэдээлж байв. ЭНД дарж уншина уу.

Товчхондоо, энэ удаагийн шатахууны хомсдолын үеэр Роснефтийг Монголд оруулахыг шаардсан постууд олноор тархаж, Оросын Элчин сайд энэ асуудлаар дахин дахин байр сууриа илэрхийлж байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй. Магадгүй энэ хүнд үе, олон нийтийн уур бухимдал дээр дөрөөлж Монгод Роснефть компанийн ШТС-ыг оруулж ирэх, ОХУ шатахууны хараат байдлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байж болох юм.




Өнөөдөр тахиа өдөр

36 минутын өмнө