Ө.Шижир: 2027 оны төсөв 10 их наядаар тэлсэн, инфляцыг зургаан хувьд барих боломжгүй

Ө.Шижир: 2027 оны төсөв 10 их наядаар тэлсэн, инфляцыг зургаан хувьд барих боломжгүй

УИХ-ын гишүүн асан Ө.Шижир 2027 оны улсын төсвийн хэлэлцүүлгийг шүүмжилж, Засгийн газар хувийн хэвшил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ээлгүй бодлого хэрэгжүүлж байгааг анхаарууллаа.

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байр сууриндаа, "Оюу толгой"-оос авах ногдол ашгийн асуудлаар маргалдсаар төсвийн хэлэлцүүлгийг хангалттай явуулж чадаагүй гэж үзжээ. Тодруулбал, Засгийн газар Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн хуваарилах талаар байр сууриа илэрхийлсээр байгаад төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг дуусгасан нь УИХ-ын гишүүдийн төсөвт хяналт тавих, зарчмын зөрүүтэй санал гаргах эрхийг хязгаарласан гэж шүүмжилсэн байна. Мөн цөөн хэдэн гишүүний гаргасан саналуудыг нам, намын бүлгүүд нийлж унагаасан хэмээжээ.

Түүнчлэн 2027 оны төсвийг 10 их наядаар тэлсэн, үрэлгэн, сонгууль угтсан, ирээдүйг тооцоолоогүй төсөв хэмээн тодорхойлж, төсвийн тэлэлт инфляцад дарамт учруулах эрсдэлтэйг анхааруулсан байна. Түүний үзэж буйгаар ирэх онд инфляцыг зургаан хувьд барих боломжгүй бөгөөд 10-12 хувьд хүрэх эрсдэлтэй аж. Энэ талаар “Улсын төсвөө 10 их наядаар тэлчхээд ирэх жил инфляцыг зургаан хувьд барь гэж Монголбанкаа шахах бол мунхаглал. Ийм боломж хаана ч байхгүй” гэжээ. Мөн инфляц 10 хувьд хүрвэл иргэдийн худалдан авах чадвар төдий хэмжээгээр буурч, өрхийн санхүүгийн байдалд дарамт учруулна хэмээн тайлбарлаж, иргэд, аж ахуйн нэгжүүдийг Засгийн газрын мэдэгдэлд үндэслэн санхүүгийн төлөвлөлт хийхдээ болгоомжтой байхыг уриалсан байна. Тэрбээр “Төр мөнгөгүй биш, бодлого нь буруу байгаа учраас иргэд олон нийт зүдрүү, бас ядуу байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.