Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын янданг буулгаж, дулаан хуримтлуулдаг халаалтын систем нэвтрүүлнэ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын янданг буулгаж, дулаан хуримтлуулдаг халаалтын систем нэвтрүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн /2026.11.04/ хуралдаанаар Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл хангалт болон гэр хорооллын бүсийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах зарим арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва мэдээллээ.

Тэрбээр “Улаанбаатар хот энэ өвлийн улиралд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7-10 мянган айл өрхийн янданг буулгах ажлыг үе шаттайгаар эхлүүлнэ. Энэ нь зөвхөн утааг бууруулаад зогсохгүй, гэр хорооллын өрхүүдийг цахилгаанд суурилсан орчин үеийн, эко дулаан хураагуурын системд шилжүүлэх суурь шинэчлэл болох юм. Энэхүү шинэчлэлийг урьд өмнөх шиг "зуух, төхөөрөмж үнэгүй тараах хавтгайрсан халамж" гэж ойлгож болохгүй. Бид арилжааны банкуудтай хамтран иргэдийн амьжиргаанд хүндрэл, санхүүгийн дарамт учруулахгүй байх уян хатан нөхцөлтэй ногоон зээлийн боломжийг бүрдүүлнэ. Иргэд уг зээлээр дулаан хураагуур болон цахилгаан халаалтын шийдлийг өөрийн өмч болгон авах боломжтой. Нийслэлийн зүгээс гэр хорооллын бүсэд шөнийн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэл цахилгааны тарифыг "тэг" төгрөг болгодог зохицуулалттай. Тиймээс шинээр нэвтрүүлж буй технологийн дагуу айл өрхүүд цахилгааны хөнгөлөлттэй шөнийн цагаар дулаан хураагууртаа эрчим хүчээ хуримтлуулж, өдрийн цагаар тухайн хуримтлуулсан дулаанаараа гэрээ халаах юм байна. Мөн гэр хорооллын цахилгааны шугам сүлжээний ачааллыг бууруулах, эрчим хүчний бие даасан байдлыг хангах зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд нарны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг түшиглэн гэр хорооллын бүсийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах техникийн боломж, шийдлүүдийг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн дахин төлөвлөлтөөр хохирсон "Андын зам" болон "Бриллиант" компанийн хохирогчдыг 1008 айлын орон сууц болон Солонго 1,2 төсөлд хамруулж, байртай болгоно. Царцсан байрууд дээр боломжтой ААН-үүдийг шалгаруулж, иргэдээ байртай болгоно” гэлээ.