Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч О.Зундуйдорж Авилгатай тэмцэх газарт хандан, Хотын дарга асан Х.Нямбаатартай холбоотой нотлох баримтуудыг шалгуулахаар АТГ-т албан ёсоор хүлээлгэн өгч байгаа гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр "Улаанбаатар хотын оршин суугчид автомашины дугаар авахын тулд маш олон хязгаарлалт, хүндрэлтэй тулгардаг. Гэтэл эрх мэдэлтний томилсон хүмүүс болон тэдний гар хөл бологч 30 орчим этгээд амралтын өдөр, шөнийн цагаар азын дугаар наймаалцдаг байсан нотлох баримтуудыг АТГ-т өгч байна. Машины нэг ширхэг дугаар хамгийн дээд тал нь 100 сая төгрөгт хүрч байгаа бөгөөд дундаж үнэлгээ нь 3, 5, 15 сая төгрөг байна. Нийтдээ 50–100 сая төгрөгийн үнэлгээтэй 810 удаагийн зөрчил, үйлдэл тогтоогдсон. Үүнд холбогдох 30 хүний нэрсийн жагсаалт гарсан бөгөөд уг асуудлыг хуулийн байгууллага шалгах ёстой" гэв. Мөн дээрх хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж, тушаал шийдвэрийг нь биелүүлсэн хүмүүс өнөөг хүртэл төрийн албанд ажиллаж, шийдвэр гарган, машины дугаарын наймаагаа үргэлжлүүлсээр байгааг хэлэв.