ТОДРУУЛГА: Оюутолгойн уурхайн ослын шалтгааны талаарх дүгнэлт лхагва гарагт гарна

ТОДРУУЛГА: Оюутолгойн уурхайн ослын шалтгааны талаарх дүгнэлт лхагва гарагт гарна

Оюутолгойн гүний уурхайд өнгөрсөн пүрэв гарагт буюу аравдугаар сарын 29-нд чичирхийллийн улмаас чулуулгийн нуралт үүсэж, тус бүсэд ажиллаж байсан 15 ажилтан өртсөн үйлдвэрлэлийн осол гарсан.

Ослын улмаас гэмтсэн хоёр ажилтныг Улаанбаатар хотод авчирсан бөгөөд одоогоор “Интермед” эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Энэ талаар “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Аврах ажиллагаа цаг алдалгүй явагдсан. Нуралт үүссэн хэсэгт байсан ажилтнуудыг эмнэлгийн үзлэгт бүрэн хамруулсан. 13 хүний биеийн байдал хэвийн, эрүүл энх байгаа. Хоёр ажилтныг хот руу авчирсан. Бэртлийн улмаас эмнэлгийн хяналтад байгаа ч амь насанд нь эрсдэл учрахуйц бэртэл аваагүй” хэмээн мэдээлсэн.

Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас ослын шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, газар дээр нь хяналт шалгалт хийжээ. Тус ажлын хэсэгт Ашигт малтмал, газрын тосны газар болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн төлөөллүүд багтсан юм. Тэгвэл Оюутолгойн гүний уурхайд гарсан ослын шалтгаан, нөхцөлийн талаарх ажлын хэсгийн дүгнэлт энэ долоо хоногийн лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 4-нд гарах юм байна.