Их Британийн тэнгэрт гурвалжин хэлбэртэй үл таних нисдэг биет олноор үзэгджээ

Их Британийн тэнгэрт гурвалжин хэлбэртэй үл таних нисдэг биет олноор үзэгджээ

Их Британи даяар сүүлийн таван жилийн хугацаанд нийт 164 удаа "хар гурвалжин” хэлбэртэй үл танигдах нисдэг биет бүртгэгдсэн тухай  мэдээллийг "UFO Identified" судалгааны группээс интерактив газрын зураг болгон нийтэд дэлгэлээ.

Эдгээр биетүүд нь ердийн нисэх онгоц шиг хөдөлгүүрийн дуу гаргадаггүй, агаарт маш нам өндөрт нэг газраа удаан хугацаагаар хөвж чаддаг бөгөөд Манчестер, Дербишир зэрэг хотуудын дээгүүр үзэгдэж иргэдийг гайхшруулжээ. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Пентагоны нууцын зэрэглэлээс гаргасан баримтад холбооны агентууд аюулгүй байдлын онцгой бүсэд яг ийм матт хар өнгөтэй, гурвалжин хэлбэрийн биет харснаа баримтжуулсан нь олон улсын судлаачдын анхаарлыг татаад байна. АНУ-ын ҮТНБ-ийг мөрдөн шалгах албаны (AARO) дарга асан Шон Киркпатрикийн мэдээлснээр, үүнийг шууд харь гаригийнхны хөлөг гэж батлах шинжлэх ухааны барьцтай өгөгдөл байхгүй бөгөөд бусад улс орнуудын нууцаар туршиж буй орчин үеийн тагнуулын дрон эсвэл үл үзэгдэгч (stealth) технологи байх өндөр магадлалтай ажээ.