2030 он гэхэд агаарын бохирдлыг 55 хувиар бууруулахаар төлөвлөжээ

2030 он гэхэд агаарын бохирдлыг 55 хувиар бууруулахаар төлөвлөжээ

Агаарын бохирдлыг бууруулах 2026–2030 оны төлөвлөгөөний төслийг өнөөдөр /2026.11.02/ олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж байна. Уг төлөвлөгөөний хүрээнд долоон үндсэн чиглэлээр 58 арга хэмжээ хэрэгжүүлж, 2030 он гэхэд агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс 55 орчим хувиар бууруулахаар тооцжээ.

-УИХ-ЫН 53 ДУГААР ТОГТООЛЫН ДАГУУ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖЭЭ-

Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дууссантай холбогдуулан УИХ-ын 53 дугаар тогтоолоор агаарын бохирдлын эх үүсвэр бүрд анхаарч, салбар хоорондын уялдааг хангасан урт, дунд, богино хугацааны цогц төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон юм. Энэ дагуу Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргын тушаалаар ажлын хэсэг байгуулж, 2026–2030 оны төлөвлөгөөний төслийг боловсруулжээ. Тус ажлын хэсэгт Үндэсний хорооны Ажлын алба, 15 яам, агентлаг болон нийслэлийн төлөөлөл оролцсон байна.

-ДОЛООН ЧИГЛЭЛЭЭР 58 АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ-

Төлөвлөгөөний төсөлд дараах долоон үндсэн чиглэлийг тусгасан байна. 1. Хууль эрх зүйн орчныг шинэчлэх 2. Хатуу түлшний хэрэглээг бууруулах 3. Эрчим хүчний хангамжийг сайжруулах 4. Автотээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдлыг бууруулах 5. Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах 6. Агаарын чанарын хяналт, шинжилгээг өргөжүүлэх 7. Дулаан алдагдлыг бууруулж, ногоон технологийг дэмжих Эдгээр чиглэлийн хүрээнд нийт 58 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хууль, стандартын шинэчлэлээс эхлээд гэр хорооллын халаалт, орон сууцжуулалт, эрчим хүчний эх үүсвэр, тээврийн хэрэгслийн утааг бууруулах асуудлыг хамруулжээ.

-PM2.5 ТООСОНЦРЫГ 66, PM10 ТООСОНЦРЫГ 77 ХУВИАР БУУРУУЛАХ ЗОРИЛТ ТАВЬЖЭЭ-

Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс 55 орчим хувиар бууруулах боломжтой гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. Тодруулбал, агаар бохирдуулагч бодисуудын агууламжийг дараах хэмжээгээр бууруулахаар төлөвлөсөн байна.

  • PM2.5 нарийн ширхэглэгт тоосонцор — 66 хувь
  • PM10 тоосонцор — 77 хувь
  • Хүхэрлэг хий (SO₂) — 64 хувь
  • Азотын давхар исэл (NO₂) — 15 хувь бууруулахаар төлөвлөжээ.