Салсан эхнэрээ автомашиндаа хэрцгийгээр зодож, хүчирхийлсэн этгээдэд 12 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ

Салсан эхнэрээ автомашиндаа хэрцгийгээр зодож, хүчирхийлсэн этгээдэд 12 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ

Өмнөговь аймгийн төрийн албан хаагч эхнэрээ ухаангүй болтол нь зодсон гэх тайлбар бүхий ноцтой зураг, бичлэг өнгөрсөн зургаадугаар сард цахим сүлжээнд цацагдаж, олны анхаарлыг татаж байсан. 

Энэ талаар цагдаагийн байгууллага "Цагдаагийн байгууллагад 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр иргэнээс "...манай дүүг 2026 оны зургаадугаар сарын 15-16-ны өдөр салсан нөхөр нь ирээд аваад явсан" гэх гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, иргэн Ц-г салсан нөхөр нь машинтай авч явж биед халдаж, зодсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Холбогдогчийг олж тогтоон, хохирогчид эмнэлгийн байгууллагын тусламж үзүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэх мэдээллийг тухайн үед өгч байв. 

Тэгвэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан хүнийнхээ биед халдсан хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Ц.П нь 2026 оны зургаадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүч хэрэглэж, олон тооны шарх, зовиур үүсгэж, харгис хэрцгий аргаар эрүүл мэндэд нь халдаж, хүндэвтэр хохирол учруулсан, хүчиндсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.8 дахь заалт (хүчиндэх), Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт (эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.