УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Хуулийн төсөлд 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө цагаатгагдсан иргэдийн нөхөн олговор нэхэмжлэх эрхэд тогтоосон хугацааны хязгаарлалтыг хүчингүй болгохоор тусгажээ. Хуулийн төсөл санаачлагч Б.Пүрэвдоржийн мэдээлснээр, уг өөрчлөлтийг хийснээр нөхөн олговор нэхэмжлэх 43 гомдлыг хүлээн авах боломжтой бөгөөд нийт 1 тэрбум 788 сая төгрөгийн зардал гарах тооцоо гарсан байна. Үүнийг 2027 оны төсөвт тусгахаар ажиллаж байгаа аж.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нөхөн олговрын зардлын тооцоолол, хамрах хүрээ, нэрсийн давхардал болон эрхийн шалгуурыг дахин нягтлах шаардлагатайг хэлэв. Мөн УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэлтээс соёл, шашны салбарт учирсан хохирлыг дахин судлах шаардлагатайг онцолж, хэлмэгдэгсдийн талаарх баримт мэдээллийн нэгдсэн сан бий болгох санал гаргасан байна. Б.Пүрэвдорж гишүүн хуулийн төсөл батлагдсаны дараа ор сураггүй алга болсон 770 хүнийг цагаатгахтай холбоотой хуулийн төслийг боловсруулж, ирэх хаврын чуулганаар өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаагаа мөн мэдээллээ.