Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт орших, байгаль цаг уурын өөрчлөлтийн улмаас ширгээд 21 жил болсон “Хэлтгийн цагаан нуур” дахин давалгаалж эхэллээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цэнхэр алт” үндэсний хөтөлбөр болон “Нэг сум-Нэг нуур-333 нуур” хөдөлгөөний хүрээнд тус нуурыг сэргээх бүтээн байгуулалтын ажлыг Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Усны газар болон “Хайдродизайн прожект” ХХК-ийн инженерүүд хамтран амжилттай хэрэгжүүллээ. Инженерүүд байгалийн унаган төрхийг сэргээхийн тулд 1956 онд Хархорин суманд баригдсан ч ашиглагдахаа болиод байсан 17 км усалгааны суваг, шуудууг бүрэн цэвэрлэж, Хөгшин Орхон голоос 5.4 км шороон суваг татаж олон жил хуурай байсан нуурын хотгорыг усаар тэжээж эхэлсэн байна.
Нийт 80 га талбайг хамарсан тус нуур сэргэснээр усны шувууд эргэн цуглаж, мал амьтан ундаалах таатай орчин бүрдэж, бүс нутгийн экосистемд томоохон эерэг өөрчлөлт гарлаа. Сэргэсэн нуурын ус сувгаар дамжин Хөгшин Орхон голд, Хөгшин Орхон гол нь Өгий нуурыг тэжээн Орхон гол руу эргэж цутгах том усан сүлжээ үүсэж байгаагаас гадна ирээдүйн “Шинэ Хархорум” хотын гадаргын усны нөөцийг хамгаалах, усан хангамжийг нэмэгдүүлэхэд стратегийн өндөр ач холбогдолтой юм.