Баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн нь өчигдөр, өнөөдрийн асуудал биш. Наймдугаар сараас эхлэн зүүн аймгуудад баавгай үзэгдэж, айлын хот, суурьшлын бүсэд орж ирсэн тохиолдлууд бүртгэгдэж, иргэд энэ талаар удаа дараа мэдээлж, сэрэмжлүүлж байв.
Гэвч энэ асуудалд өнөөг хүртэл бодитой, дорвитой арга хэмжээ авсангүй. Баавгайтай тэмцэхээр газар дээр нь очсон алба хаагчид олс, 20 граммын тариуртай л “улаан гараараа” зүтгэж байна. Хэрэв наймдугаар сард гарсан анхны тохиолдлуудаас эхлэн эрсдэлийг бодитоор үнэлж, мэргэжлийн баг ажиллуулж, шаардлагатай техник хэрэгслээр шуурхай хангаж, баавгайг барьж тусгаарлан, суурьшлын бүсээс холдуулах арга хэмжээ авсан бол өнөөдөр нэг хүний амь нас эрсдэхгүй байх боломж байлаа. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх хангалттай хугацаа байсан.
Салбарын сайд эрдэнэт хүний амь нас, иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалж чадаагүйдээ хэзээ хариуцлага хүлээх вэ. Энэ бол өнөөдөр зайлшгүй хариу нэхэх асуудал.
Харин тэрбээр өнгөрсөн хугацаанд иргэдэд “баавгайтай таарвал утсаар ярь”, “баавгай өлссөн учраас жимс өгнө” гэх мэт бодит аюулыг бууруулах бус, хоосон зөвлөгөөгөөр аргацааж ирсэн. Хүний амь нас эрсэдсэний дараа арга хэмжээ авах бус, наймдугаар сараас эхэлсэн дохио, сэрэмжлүүлгийг үндэслэн урьдчилан сэргийлэх ёстой байв. Өнөөдөр салбарын сайд нөхцөл байдлын талаар олон нийтэд мэдээлэл өгөх учиртай. Мөн амиа алдсан иргэний ар гэрийнхнээс уучлал хүсэж, яагаад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадаагүйгээ тайлбарлах ёстой. Гэтэл өнөөдөр салбарын сайд нь усанд шидсэн чулуу шиг алга болов.
Сануулахад, Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй. Энэ эрхийг хангах, иргэдээ хамгаалах нь төрийн үүрэг юм.