ХЭРГИЙН ГАЗРААС: Баавгай халдаж, сүйтгэсэн гэрийг буулгаж байна

2026-10-08 11:09

ХЭРГИЙН ГАЗРААС: Баавгай халдаж, сүйтгэсэн гэрийг буулгаж байна

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт зэрлэг баавгай айлын гэр рүү дайрч, нэг хүний амь насыг хохироож, нэг хүнийг хүнд гэмтээсэн ноцтой, харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл тус хэргийн газарт манай сурвалжлах баг ажиллаж байгаа юм. Хэргийн газарт баавгай дайрч сүйтгэсэн гэрийг буулгаж, эмхлэх үйл явц яг одоо өрнөж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

ВИДЕО:

Тус хэргийн талаар цагдагийн байгууллагаас "Шалгалтын явцад тухайн газарт мал малладаг эрэгтэй, эмэгтэй 2 иргэнийг гэртээ амарч байхад нь гэрлүү нь баавгай дайрсан. 40 настай эмэгтэй нүүрэн хэсэгтээ баавгайд самардуулсан, 55 настай эрэгтэй баавгайд бариулсны улмаас амь нас хохирсон байна. Эмэгтэйн хувьд баавгайд самардуулаад гэрээс гарч зугтааснаар амьд үлдэж чадсан. Одоо эмнэлгийн байгууллагын тусламжийг авч байгаа. Нас барсан эрэгтэйн цогцсыг гэрээс тодорхой зайд олж тогтоосон. Энэ үйл явдалтай холбоотойгоор бага насны хүүхэд баавгайд бариулсан зүйл байхгүй. Он гарсаар нийслэлийн байгаль орчны газарт 597 тохиолдол бүртгэгдэж, тухай бүр арга хэмжээ авч ажилласан. Баавгайг олохоор Нийслэлийн байгаль орчны газар, БЗДЦГ-аас алба хаагчид гарч эрэн хайх ажиллагааг явуулж байна" гэдгийг тодотгосон юм. 

2026-10-08 10:56

ФОТО: Хүний амь нас, эрүүл мэндэд хүрсэн баавгайг эрэн хайх, олох ажиллагаа дөнгөж эхэлж байна

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт зэрлэг баавгай айлын гэр рүү дайрч, нэг хүний амь насыг хохироож, нэг хүнийг хүнд гэмтээсэн ноцтой, харамсалтай хэрэг гарсан. Яг одоо хэргийн газарт манай сурвалжлах баг ажиллаж байна.

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр, баавгайн халдлагын улмаас 55 настай эрэгтэй амь хохирч, 40 настай эмэгтэй хүнд гэмтсэн байна. Гэмтсэн иргэний биеийн байдал одоогоор хүнд байгаа бөгөөд эмнэлгийн байгууллага яаралтай тусламж үзүүлж байна. Одоогийн байдлаар тухайн зэрлэг баавгайг эрэн хайх ажиллагаа хэргийн газар дээр дөнгөж эхэлж байгаа бөгөөд албаныхны зүгээс баавгайг шууд устгах уу, эсвэл унтлуулах тунгаар нойрсуулж өөр аюулгүй газарт шилжүүлэх үү гэдэг талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.