Хавайн арал дахь "Hōlei Sea Arch" гэдэг нуман хэлбэрт цохио хад 500 гаруй жилийн дараа нуржээ.
“Хавайн галт уулс” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байсан энэхүү 27 м өндөр нуман хэлбэрт хад нь тус арлын хамгийн алдартай фотомотив буюу зураг авахад хамгийн тохиромжтой байршлуудын нэг байсан юм. Уг хад яг хэзээ нурсан нь тодорхойгүй байна. Есдүгээр сарын 23-ны өдөр харагдаж байсан аркан хад 27-ны орой алга болжээ. Хавайн оршин суугчдын таамаглаж байгаагаар, халуун орны Ноло шуурганы улмаас арал дээр ширүүн бороо орж, далайн хүчтэй давалгаа үүсэх үед нурсан байж магадгүй.
Нуман хад нурж алга болсон нь гэнэтийн санамсаргүй тохиолдол биш юм. Тус газрыг хүрээлсэн далайн эргийн хаднууд салхи, давалгааны нөлөөгөөр олон жилийн турш элэгдсээр ирсэн бөгөөд 2018 онд Килауэа галт уул дэлбэрэх үеэр болсон газар хөдлөлтүүдийн улмаас эрэг орчмын хад чулуунууд улам суларчээ. Хаднууд цуурсан тул Хавайн эрх баригчид 2020 онд хуучин ажиглалтын тавцанг хаасан байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанаас нуралт болсон хэсэг рүү дөхөж очихгүй байхыг жуулчдад анхааруулжээ.