Д.Трамп Хятадтай бүр мөсөн харилцаагаа тасалж чадна гэв

Д.Трамп Хятадтай бүр мөсөн харилцаагаа тасалж чадна гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн цар тахал дэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын эсрэг эрс арга хэмжээнүүд авахыг зорьж байгаа талаараа пүрэв гарагт мэдэгджээ.

"Бидний хийж чадах маш олон зүйл бий бөгөөд харилцаагаа бүрмөсөн таслах ч боломжтой. Хятад улстай бүх харилцаагаа салгавал $500 тэрбумыг хэмнэх боломжтой. Би уг нь Хятад улс, Ши Жиньпин даргатай маш сайн харилцаатай байдаг. Гэхдээ яг одоо би түүнтэй ярилцах ямар ч хүсэлгүй байна. Тэд цар тахал дэгдээхгүй байх боломжтой байсан. Хятад улс миний урмыг маш ихээр хугаллаа. Худалдааны гэрээг үзэглээд бэх нь хатаагүй байхад тахал дэгдлээ” гэж Д.Трамп “Fox News” сувагт ярилцага өгөх үеэрээ хэлжээ. 

Өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр Вашингтон, Бээжингийн талууд нэгдүгээр үе шатны худалдааны гэрээг байгуулж, Хятад улс АНУ-аас нэмэлт $200 тэрбумын бараа бүтээгдэхүүнийг хоёр жилийн хугацаанд худалдаж авах үүрэг хүлээж байсан юм. Өчигдөр ярихдаа Трамп “тэд манайхаас $250 тэрбумын бараа худалдаж авах ёстой” гэж хэлсэн байна. Нэмэлт $50 тэрбум нь ямар учиртайг тэр тайлбарлаагүй юм.

Цар тахлын улмаас Америкийн компаниудын үйлдвэрлэл нь зогсож, өөрийн дотоодын зах зээлийг ч хангаж чадахгүй болоод байгаа юм. Нөгөө талд Хятадын эдийн засаг бас хүнд байдалтай байгаа. Тухайлбал энэ оны нэгдүгээр улиралд Хятадын эдийн засаг 6.8 хувиар агшсан нь дотоод зах зээлийн эрэлтийг бууруулах сөрөг нөлөөтэй байна.

Д.Трампын засаг захиргаа БНХАУ-ыг вирусийн талаарх мэдээллийг нууцалсан хэмээн үзэж байгаа бөгөөд тус улсын эсрэг арга хэмжээ авах талаар хэлэлцэж байгаа ажээ. Үүнээс гадна АНУ Хятад улсыг шүүхэд өгөх эрхийг америкчуудад олгож магадгүй байна. АНУ-д халдварын улмаас 84 мянга гаруй хүн нас барсан бөгөөд ирэх наймдугаар сар гэхэд 147 мянган хүн нас барж болзошгүй гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.