Apple компани  "Taction Technology" компанитай үүсгэсэн патентын маргаанд ялагдаж, 5.7 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр болжээ

Apple компани "Taction Technology" компанитай үүсгэсэн патентын маргаанд ялагдаж, 5.7 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр болжээ

АНУ-ын Калифорни мужийн Сан-Диего хотын Холбооны тангарагтны шүүхээс технологийн аварга Apple компанийг бусдын патентыг зөвшөөрөлгүй ашигласан гэж үзэж, Taction Technology компанид 5.7 тэрбум гаруй ам.долларын нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргалаа. Энэ нь патентын маргааны түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй шүүхийн шийдвэрүүдийн нэг болж байгаа юм байна.

Аудио болон чичиргээний технологи хөгжүүлэгч Taction Technology компани нь анх 2021 онд Apple-ийг шүүхэд өгч байжээ]. Тэд iPhone болон Apple Watch төхөөрөмжүүдийн мэдрэгчтэй дэлгэцийн хариу үйлдлийг зохицуулдаг "Taptic Engine" систем нь тэдний эзэмшдэг хаптик технологийн хоёр патентыг зөвшөөрөлгүй ашигласан гэж буруутгасан байна. Шүүх бүрэлдэхүүн Apple-ийг патентыг зориуд, санаатайгаар зөрчөөгүй гэж үзсэн тул торгуулийн хэмжээг нэмээгүй ч нэхэмжлэгч талын хохирлыг ийнхүү өндөр дүнгээр үнэлжээ.

Apple компанийн зүгээс уг шийдвэрийг эрс эсэргүүцэж, өөрсдийнх нь Taptic Engine систем Taction-ий технологиос зарчмын хувьд огт өөр бүтэцтэй тул заавал давж заалдахаа мэдэгдсэн байна. АНУ-ын хууль эрх зүйн практикт ийм өндөр дүнтэй торгуулиуд давж заалдах шатанд эрс буурах эсвэл талууд харилцан тохиролцож арай бага дүнгээр шийдвэрлэх тохиолдол элбэг байдаг тул уг нөхөн төлбөр шууд төлөгдөхгүй, зарга үргэлжлэх төлөвтэй байгаа юм байна.