2006 онд Малайз улсад орчуулагчаар ажиллаж байсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүний аав, МИУС-ийн зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор С.Шаарийбуу охиныхоо хэргийн үнэн мөнийг тогтоож, шударгаар шийдвэрлүүлэхийн төлөө олон жилийн турш ажиллаж ирсэн билээ.
Тэгвэл өнөөдөр түүнийг УИХ-ын дарга С.Бямбацогт хүлээн авч уулзжээ. Тэрбээр цахим хуудсандаа "Харь алуурчны гарт охиноо алдаж шударга үнэний төлөө 20 жил тэмцэж яваа С.Шаарийбуу гуайг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Охиныхоо авч өгсөн энэ хүрмийг 20 жил өмсөж тэмцэж явна даа муу ах нь гэж өгүүлэх түүний үгийг эцэг хүний хувьд өр эмтрэн сонслоо.
С.Шаарийбуу гуайн давж заалдсан Малайзын Холбооны шүүх хурал ирэх сарын 27-нд болно.
Түүнээс өмнө Танзанид болох Олон улсын Парламентын холбооны хурлын үеэр Малайз болон хэргийг үйлдсэн нэг алуурчны хоргодож байгаа Австрали улсын парламентын төлөөлөгчидтэй Монгол Улсын Парламентын төлөөлөгчид албан ёсоор уулзаж шүүхийн шийдвэр шударга үнэний талд гарахад дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлт тавьж байна. Мөн Монгол Улсыг хамааран Бээжинд суугаа Малайзын ЭСЯ-тай албан уулзалт хийлгэж өгөөч гэдэг санал тавьж байна.
Охиноо харь этгээдийн гарт алдсан С.Шаарийбуу гуай хувьд зарим үед дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу мэт санагдаж, ганцаардаж, цөхөрч байсан үе бишгүй байсан ч тэр бууж өгөөгүй. Охиноо мартуулаагүй. Үнэнийг замхруулаагүй. Шударга ёсыг нэхэхээ зогсоогоогүй. Түүнтэй хамт олон монгол хүний сэтгэл шархалж, олон аав ээжийн өр эмтэрч өдий хүрсэн.
Монгол хүн дэлхийн хаана ч явсан ард нь эх орон, төр нь бий гэдгийг мэдэрч байх ёстой.
Энэ зарчмаар бид асуудалд хандаж, Монголын талаас боломжтой хууль зүй, дипломат дэмжлэгийг тууштай үзүүлнэ. УИХ-ын даргын хувьд холбогдох байгууллагуудын хийж байгаа ажил, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд байнга анхаарал хандуулж, асуудлыг орхигдуулахгүй байхыг шаардаж ажиллах болно" хэмээсэн байна.
ВИДЕО: