Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан гэх иргэн Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг 2024 оны хэрэгтэй нь холбоотойгоор 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
Харин дээрх нэр бүхий хүмүүсийг цагдан хорих хугацаа дуусаж байсантай холбоотойгоор прокуророос тэднийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлж, энэ дагуу шүүхээс Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг гаргаад байгаа.
Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүс нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан байна. Тус гомдлыг маргааш буюу есдүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэлэлцэхээр товложээ.
Эргэн сануулахад Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нар нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэх үеэрээ хууль зөрчсөн хэргээр шалгагдаж байсан бөгөөд тэднийг "хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, номлох баримтыг устгах, гэмт хэрэг үйлдэх гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа" гэх үндэслэлээр 30 хоногийн хугацаатайгаар хорих шийдвэрийг шүүх гаргаж байсан юм.