Оюу толгой уурхайд өчигдөр буюу есдүгээр сарын 3-ны 18:10 цагт цахилгааны гэмтэл гарч, уурхайн зарим хэсгийн цахилгаан доголдсон байна.
Тодруулбал, уурхайн талбар дахь цахилгааны хуурай салгуурын шугам хооронд шувуу орж, богино залгаа үүссэнээр цахилгааны шугамын автомат хамгаалалт ажиллажээ. Үүний улмаас гүний уурхайгаас гадарга руу ажилтнуудыг зөөвөрлөдөг өргүүрийн аюулгүйн шаталсан систем идэвхжиж, өргүүр зогсон саатсан байна.
Ослын үеэр өргүүрт 61 ажилтан байсан бөгөөд уурхайн холбогдох багууд шуурхай ажилласны дүнд тэднийг тухайн өдрийн 23:57 цагт гадарга руу аюулгүй, бэртэл гэмтэлгүй гаргажээ.
Өргүүр зогссон хугацаанд уурхайн агаарын урсгал хэвийн байсан бөгөөд ажилтнуудтай байнгын холбоотой байж, тогтмол хяналт тавьж ажилласан гэж “Оюу толгой” компани мэдээлэв. Мөн ажилтнуудыг гадарга дээр гарсны дараа эмч, сэтгэл зүйч нар хүлээн авч, ажилтнууд болон тэдний гэр бүлд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж байгаа аж. Тус компани болсон үйл явдлын шалтгаан, нөхцөлийг нарийвчлан судалж байгаа бөгөөд шаардлагатай сайжруулалтуудыг авч хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
