УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2026.09.07/ нээлтээ хийсэн энэ өдөр АН доторх улс төрийн зөрчил дахин ил гарч эхэллээ.
Тодруулбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй улс төрийн байр суурь ойр гэгддэг УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Засгийн газрын эдийн засгийн бодлогыг эрс шүүмжилж, Ерөнхий сайд Н.Учралд хариуцлага тооцох асуудлыг хөндлөө.
Л.Гантөмөр өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа үнийн өсөлтөд Засгийн газар дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгааг шүүмжилж, иргэдийн худалдан авах чадвар муудаж байгааг онцолсон юм. Тэрбээр үнийн өсөлтийг зогсоох тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэхийн оронд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар асуудлыг шийдэх чиглэл рүү явж байна гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн Баялгийн сангийн хөрөнгийг өнөөдрийн хэрэглээнд зарцуулах нь эдийн засгийн тусгаар тогтнолд эрсдэлтэйг анхааруулж, ашигт малтмалын үнэ буурах үед Монгол Улс санхүүгийн нөөцгүй болох эрсдэлтэйг хэлсэн. Үүнээс гадна төрийн албыг цомхотгох шаардлагатай байхад төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, хувийн хэвшил болон жирийн иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлыг орхигдуулж байна хэмээн Засгийн газрыг шүүмжиллээ. Хамгийн анхаарал татсан нь Л.Гантөмөр Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг дахин хөндсөн явдал байв. Тэрбээр түгжрэлийг шийдвэрлэхэд зориулагдсан хөрөнгийг яагаад зарцуулахгүй байгаа болон Засгийн газар бодит үр дүнтэй ажиллаж чадаж байгаа эсэхэд асуулт тавьсан юм.