Энэ сарын 7-нд Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, 8-нд төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9 болон 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.
Мөн 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 3-8 метр, 11, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12, 16-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ. Дархадын хотгороор -1...-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...+2 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан, өдөртөө Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, Их нууруудын хотгороор +22…+27 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна. 14-16-нд нэмж дулаарна.