Засгийн газраас 2025 оны дөрөвдүгээр сарын 9-нд баталсан “Нэгдүгээр тойрог зам”-ын эхлэл, төгсгөл болон эргэлтийн цэг, солбицол нь уг замын урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөлд туссан трасстай зөрүүтэй хэвээр байна.
Тодруулбал, Засгийн газрын 2025 оны 173 дугаар “Авто замын эхлэл, төгсгөлийн болон эргэлтийн цэг, солбицол батлах тухай” тогтоол, 257 дугаар “Нийслэл Улаанбаатар хотод барих тойрог хурдны замын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг тус тус үндэслэн “Нэгдүгээр тойрог зам” төслийг эхлүүлсэн талаар Хотын дарга асан Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалай нар мэдээлж ирсэн.

Тус 173 дугаар тогтоолоор Туулын хурдны зам, Нэгдүгээр тойрог зам, Хоёрдугаар тойрог замын эхлэл, төгсгөл болон эргэлтийн цэг, солбицлыг баталсан байдаг. Тогтоолыг тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан баталсан.

Харин үүнээс хоёр сарын дараа буюу 2025 оны зургадугаар сард БНХАУ-ын “Си-Эс-Си-И-Си Айком консалтантс” болон Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяагийн “Анка урбан дизайн энд инженеринг” компаниудын гүйцэтгэсэн “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөлд туссан трасс нь дээрх тогтоолоор баталсан солбицлоос өөр байхаар зурагдсан байна.

Тус ТЭЗҮ, зураг төслийн ажлын төсөвт өртөг нь 16.9 тэрбум төгрөг. 173 дугаар тогтоолд заасан солбицлын цэгүүдийг газрын зурагт буулгаж, ТЭЗҮ, зураг төсөлд туссан трасстай харьцуулахад замын нийт урт ойролцоогоор 24.9 км боловч дайран өнгөрөх газар, талбайн байршил өөр байна. Өөрөөр хэлбэл, замын нийт уртын хэмжээ ойролцоо боловч явах чиглэл нь өөр байгаа юм.

Цаг хугацааны дарааллаар авч үзвэл, 2025 оны дөрөвдүгээр сарын 9-нд Засгийн газар Нэгдүгээр тойрог замын эхлэл, төгсгөл болон эргэлтийн цэг, солбицлыг баталсан. Харин 2025 оны зургадугаар сард дээрхээс өөр трасстай ТЭЗҮ, зураг төсөл боловсруулагдсан байна.
Улмаар 2025 оны долдугаар сарын 1-нд Зам тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл уг ТЭЗҮ-г хэлэлцэн дэмжсэн бөгөөд Автозамын тухай хуультай уялдуулан эргэлтийн цэг, солбицлыг Засгийн газрын тогтоолтой нийцүүлэх шаардлагатай талаар зөвлөмж хүргүүлсэн байна.

Гэвч уг ТЭЗҮ-д туссан трасстай холбоотойгоор Засгийн газрын 173 дугаар тогтоолд өөрчлөлт ороогүй хэвээр байна. Ингэснээр төрийн шийдвэрээр баталсан трасс болон дараа нь боловсруулсан ТЭЗҮ, зураг төсөлд туссан трасс хоорондоо зөрүүтэй хэвээр байгаа нөхцөл байдал үүсэж байна.
Цаашилбал, “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг 2025 оны есдүгээр сард зарласан. Уг тендерийг 2026 оны дөрөвдүгээр сарын 2-нд албан ёсоор нээсэн бөгөөд эхний шатанд БНХАУ-ын дөрвөн компани үнийн санал ирүүлсэн талаар тухайн үед хотын удирдлагууд мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоолоор баталсан трасс болон ТЭЗҮ, зураг төсөлд туссан трассын хоорондох дээрх зөрүү байсаар байсан гэсэн үг.
ВИДЕО:
Энэ нөхцөлд олон улсын тендерт оролцсон компаниудын хувьд аль трассыг баримтлах нь ойлгомжгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Сануулахад, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллагдагчаар татан, эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тэгвэл Авлигатай тэмцэх газраас Т.Даваадалай болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүдэд холбогдох хэргийг мөрдөн шалгаж дуусган, 2026 оны наймдугаар сарын 4-нд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн.
АТГ-ын албан мэдээлэлд дурдсанаар, НЗД-ын орлогч асан Т.Даваадалай, “Метро” төслийн менежер, захирал асан Т.Мөнхдалай, “Тойрог авто зам” төслийн менежер, захирал А.Ербол болон Б.Анхтуяагийн дүү Н.Билгүүн нар нь бүлэглэн гадаад улсын хамтарсан түншлэлийн “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл нэртэй 16.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн сонгон шалгаруулалт болон ажлыг гүйцэтгэх явцад цаашид ажил гүйцэтгэхэд хууль бусаар давуу байдал олгох ашиг сонирхлын үүднээс ажлын даалгаврыг өөрчилсөн гэх үндэслэлээр шалгасан байна. Мөн Т.Даваадалай нь өөрийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Б.Анхтуяагийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээр дамжуулан хийх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 2025 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс мөн оны аравдугаар сарын 27-ны хооронд 5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч ашиглан, мөнгө угаасан гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн гэж мэдээлсэн. ЭНД дарж уншина уу.