Ховд аймагт хүүхэд багачуудын спортоор хичээллэх идэвхийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилготой “Багачуудын хөгжилтэй гүйлт-2026” тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Ховд аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус тэмцээнд таван насны ангиллаар 750 гаруй хүүхэд оролцсон бөгөөд тэдний 60 гаруй нь Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн гүйлтийн дугуйлангийн хүүхдүүд байжээ. “Бид зөв үлгэрлэвэл, тэд зөв хөгжинө” уриатай тэмцээн нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэгш оролцоог дэмжихэд мөн чиглэсэн байна.
Тэмцээнийг “Ахиллис Монгол” олон улсын байгууллага, Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, аймгийн ЗДТГ хамтран есдүгээр сарын 5-нд зохион байгуулжээ. “Багачуудын хөгжилтэй гүйлт” тэмцээнийг өнгөрсөн онд баруун бүсийн хэмжээнд анх удаа зохион байгуулахад 600 гаруй хүүхэд оролцож байсан бол энэ жил оролцогчдын тоо 750-д хүрсэн байна.