НҮБ улс орнуудын газар нутгийн хэмжээг бодитоор харуулах газрын зураг ашиглахыг дэмжжээ

НҮБ улс орнуудын газар нутгийн хэмжээг бодитоор харуулах газрын зураг ашиглахыг дэмжжээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей улс орнуудын газар нутгийн хэмжээг илүү бодитоор харуулдаг газрын зураг ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталжээ.

Тогтоолыг Того улс “Газрын зургийг зөв болгоё” санаачилгын хүрээнд дэвшүүлсэн бөгөөд санал хураалтаар 164 улс дэмжиж, АНУ эсрэг санал өгсөн бол зургаан улс түдгэлзсэн байна. Гэхдээ уг тогтоол нь заавал биелүүлэх шинжгүй бөгөөд “Mercator” зэрэг уламжлалт газрын зургийг хориглоогүй юм. Харин газар нутгийн бодит хэмжээг харуулах шаардлагатай тохиолдолд 2018 онд боловсруулсан “Equal Earth” зэрэг талбайн хэмжээг харьцангуй зөв дүрсэлдэг газрын зураг ашиглахыг улс орнуудад уриалжээ. 16 дугаар зуунд боловсруулсан “Mercator” проекц нь экватороос холдох тусам газар нутгийн хэмжээг гажуудуулан харуулдаг. Үүний улмаас Африк, Латин Америк, Энэтхэг зэрэг экваторт ойр бүс нутгийн газар нутаг бодит хэмжээнээсээ жижиг, харин Европ, Хойд Америк, Гренланд, ОХУ зэрэг хойд хэсгийн нутаг дэвсгэр харьцангуй том харагддаг байна. Тухайлбал, “Mercator” газрын зураг дээр Африк тив Гренландтай ойролцоо хэмжээтэй мэт харагддаг ч бодит байдал дээр Африк нь Гренландаас 14 дахин том аж.

Того улсын Гадаад хэргийн сайд Роберт Дусси газрын зураг нь зөвхөн газарзүйн мэдээллийг дүрслэх хэрэгсэл биш хэмээн үзэж байна. Түүний хэлснээр газрын зураг нь улс орон, тивүүдийн дэлхийд эзлэх байр суурийг хүмүүс хэрхэн ойлгоход нөлөөлж, хүүхдүүдийн бага наснаас нь олж авдаг дэлхийн талаарх төсөөллийг хүртэл бүрдүүлдэг байна. Африкийн холбоо 2025 оны наймдугаар сард уг санаачилгыг дэмжиж, НҮБ-д газрын зургийн өөрчлөлтийг дэмжүүлэх ажлыг Того улсаар ахлуулах шийдвэр гаргажээ. Мөн санал хураалтын өмнө “#CorrectTheMap” кампанит ажилд 11 мянга орчим хүн гарын үсэг зурсан байна.

Газрын зураг судлаачид болон түүхчид “Mercator” проекцыг дэлхий ертөнцийг барууны өнцгөөс харуулдаг хэмээн олон жилийн турш шүүмжилж, зарим нь үүнийг “газрын зургийн колоничлол” гэж нэрлэдэг. Того улс цаашид “Mercator”-ын оронд “Equal Earth” газрын зургийг түлхүү ашиглахыг санал болгож байгаа бөгөөд ирэх оны эхний улиралд ЮНЕСКО, Африкийн холбоо болон “Google Maps” зэрэг технологийн компаниудтай хамтран шинэ газрын зургийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцэх арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: The Independent




Өнөөдөр хонь өдөр

6 цагийн өмнө