ОХУ-д сурдаг 13 монгол  оюутан коронавирусийн халдвар авчээ

ОХУ-д сурдаг 13 монгол оюутан коронавирусийн халдвар авчээ

ОХУ-ын зам харилцааны их сургуулийн /МИИТ/ 13 Монгол оюутан коронавирусийн халдвар авсан талаар тус сургуульд сурч буй эх сурвалж мэдээллээ.

Түүний мэдээлснээр тус сургуулийн дотуур байранд нийт 27 Монгол оюутан байгаагаас өнгөрөгч сард нэг оюутан, харин энэ сард хоёр удаагийн шинжилгээгээр 12 оюутан халдвар авсан нь тогтоогджээ.

Оюутнуудыг өрөөнд нь тусгаарласан бөгөөд биеийн байдал тогтвортой байгаа гэнэ. Харин нэг хүүхдийн бие сайнгүй байгаа аж. Уг дотуур байрнаас өнгөрөгч сарын 25-нд хамгийн анхны Монгол хүүхэд вирусийн халдвартай болох нь тогтоогдож, Москвагаас холгүй амралтын газар тусгаарлажээ. “Тэр хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарсаар байтал тусгаарлалтаас чөлөөлж гэрт нь хариулсан” хэмээн хамт дотуур байранд байрлаж буй эх сурвалж мэдээллээ. ОХУ-ын зам харилцааны их сургууль /МИИТ/ нь гуравдугаар сараас, харин дотуур байранд нь дөрөвдүгээр сарын 28-наас эхлэн хөл хорио тогтоосон байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар ОХУ-ын зам харилцааны их сургуулийн дотуур байрны нэг давхрын хүүхдүүд бүхэлдээ вирусээр халдварласан нь тогтоогдсон. Нийт хэчнээн хүүхэд халдварласныг тоймлож чадахгүй байгаа гэлээ.

ОХУ өчигдрийн байдлаар коронавирусийн халдварын тоогоороо 3-р байранд бичигдэж өнгөрсөн шөнө шинээр  10899 тохиолдол бүртгэгджээ. Гэтэл өчигдрөөс ОХУ-д хорио цээрийн дэглэмээ хэсэгчлэн цуцалж эхэлсэн билээ.