Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарна

Өнөөдөр, маргааш /2026.08.23, 24/ нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орж сэрүүн байна.

Тодруулбал, маргааш буюу энэ сарын 24-нд нутгийн зүүн хойд хэсгээр, энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, энэ сарын 26-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 27-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13…+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 25-нд ихэнх нутгаар, энэ сарын 26-нд нутгийн зүүн хагаст  дулаарна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.