Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2026 оны наймдугаар сарын 10-ны өдрийн А/161 дүгээр тушаалын дагуу нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоогоор хангах, өвөл, хаврын улирлын хэрэгцээнд нөөц бүрдүүлэх зорилготой “Алтан намар-2026” өргөтгөсөн худалдаа эхэллээ.
Өргөтгөсөн худалдаа Баянгол дүүргийн 27 дугаар хороо, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Удирдах газрын харьяа Барилгын засвар, үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн ангийн “1000 автомашины зогсоол”-д зохион байгуулагдаж байна. Худалдаагаар дотоодын тариаланч, ногоочдын ургуулсан шинэ ургацын төмс, хүнсний болон нарийн ногоо, жимс, чацаргана зэрэг өргөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг иргэдэд шууд худалдаалж байгаа юм. Энэхүү арга хэмжээ нь дотоодын тариаланч, ногоочдыг дэмжихийн зэрэгцээ нийслэлийн иргэдийг шинэ ургацын чанартай, эх орны хөрсөнд ургуулсан бүтээгдэхүүнээр хангах, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.