Б.Пүрэвдагва: Хотуудын түншлэл, хөрөнгө оруулалтын боломж чухал алхам болно

Б.Пүрэвдагва: Хотуудын түншлэл, хөрөнгө оруулалтын боломж чухал алхам болно

СОР17 хурал өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байна. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ад 33 улс, 24 хот, 51 олон улсын байгууллага, Монгол улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцлоо.

Чуулга уулзалтын нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож үг хэлэв. Тэрбээр "Дэлхийн улс орнуудын адил Монгол орон газрын доройтол, ган гачиг, цөлжилтийн асуудлын сорилт, бэрхшээлийг дагуулж байна. Өнөө цаг үед дэлхийн хотууд байгаль, газарзүй, уур амьсгалын өөр өөр нөхцөлд хөгжиж байгаа ч тулгарч буй сорилт нь улам бүр ижил болж байгааг харуулж байна. Байгаль, хот хоёр тусдаа оршдоггүй гэдгийг бид өдөр тутмын амьдралаасаа мэдэрч байгаа билээ. Цөлжилт, усны нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, түүнээс үүдсэн шар шороон шуурга зэрэг сөрөг үр дагавар нь нэг улсын хилээр хязгаарлагдахгүй. Тиймээс нэг улс, нэг хот шийдэх боломжгүйг бидэнд сануулж хотуудын түншлэл, олон улсын нягт хамтын ажиллагааг шаардаж байна. Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал бидэнд олон улсын сайн туршлагаас суралцахын зэрэгцээ бүс нутгийн хувьд тулгарч буй сорилт, шийдлийг бусадтай хуваалцах, хамтдаа шийдвэрлэх томоохон боломж гэж харж байна. Улаанбаатар хот нь Монгол Улсын ДНБ-ний 70 орчим хувийг бүрдүүлдэг. Эдийн засаг, санхүүгийн хамгийн том төв юм. Энэ ч утгаараа хотуудын түншлэл, ногоон эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих замаар бэлчээрийн доройтлыг бууруулахад гол үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна. “Хотын дарга нарын чуулга уулзалт”-аар хотуудын нийтлэг байр суурь хамтын зорилтыг илэрхийлэх Улаанбаатарын тунхаглал тэдгээрийг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулах Улаанбаатарын санаачилгыг дэвшүүлэхээр төлөвлөж байна. Хурлаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хотуудын түншлэл, хөрөнгө оруулалтын боломж нь олон улсын хамтын ажиллагааны чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.