ГЕГ: Он гарсаар мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завдсан 14 үйлдлийг илрүүлжээ

ГЕГ: Он гарсаар мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завдсан 14 үйлдлийг илрүүлжээ

Гаалийн ерөнхий газраас сүүлийн үед илрүүлсэн томоохон хэрэг, зөрчил, албан хаагчдад сахилга хариуцлага тооцсон арга хэмжээ болон гаалийн цахимжилтын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээллээ.

Тус байгууллагын мэдээлснээр он гарснаас хойш нийт 2314 зөрчил бүртгэгдсэнээс 53 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Нийт зөрчлийн 50 гаруй хувийг гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн зөрчил эзэлж байна. Тодруулбал, иргэн, аж ахуйн нэгжүүд бараагаа мэдүүлэхгүй байх, татвараас зайлсхийх тохиолдол бүртгэгдэж байгаа тул гаалийн байгууллага бараа бүтээгдэхүүнийг нягтлан шалгаж, холбогдох бүрдүүлэлтийг хийсний дараа улсын хилээр нэвтрүүлж байгаа аж.

Харин нийт зөрчлийн 23 хувийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Үүний дотор мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой зөрчил нэмэгдэж байгаа талаар Гаалийн ерөнхий газраас анхаарууллаа. Он гарснаас долдугаар сар хүртэл мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 14 удаагийн үйлдлийг илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Мөн сүүлийн үед иргэд гадаадаас чихрийн шижингийн үед хэрэглэдэг, тураах зориулалттай гэх тарилгыг арилжааны зорилгоор оруулж ирэхийг завдах тохиолдол нэмэгдсэн байна. Он гарснаас хойш ийм төрлийн 40 удаагийн зөрчил бүртгэгдэж, нийт 1300 орчим тарилгыг хураан авч, саатуулан, холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. Иймд эм, эмийн хэрэгсэл болон тарилгыг эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн эмчийн заавар, зөвлөмжийн дагуу хэрэглэхийг Гаалийн ерөнхий газраас зөвлөж, цахим орчин болон бусдын гар дээрээс эм, тарилга худалдан авч эрүүл мэнддээ эрсдэл учруулахгүй байхыг анхаарууллаа.