Украины цохилтод Оросын үр тарианы экспортын томоохон терминалууд өртжээ

Украины цохилтод Оросын үр тарианы экспортын томоохон терминалууд өртжээ

Украин ОХУ-ын Хар тэнгис дэх хамгийн том боомтуудын нэг болох Новороссийск хот руу нисгэгчгүй онгоц, пуужин болон тэнгисийн цэргийн дроноор томоохон цохилт өгчээ. Уг халдлагын улмаас Оросын үр тарианы экспортын хоёр том терминал гэмтэж, Хар тэнгис дэх Оросын сүүлчийн томоохон тэнгисийн цэргийн бааз цохилтод өртсөн талаар мэдээлж байна.

Орон нутгийн албаныхны мэдээлснээр шөнийн цагаар болсон цохилтын үеэр найман настай хүүхэд зэрэг гурван хүн амиа алдаж, 24 хүн шархаджээ. Украины Ерөнхийлөгч В.Зеленский энэ ажиллагааг "өвөрмөц ажиллагаа" хэмээн тодорхойлж, Киевийн зүгээс пуужин, сөнөөгч онгоц болон тэнгисийн цэргийн нисгэгчгүй төхөөрөмжүүдийг ашигласан гэж мэдэгдсэн байна. Гэхдээ тэрээр үр тарианы терминалууд цохилтод өртсөн талаар дурдаагүй байна.

Харин Украины цэргийнхэн Оросын дөрвөн байлдааны хөлөг, түүний дотор хоёр фрегат буюу дунд оврын байлдааны хөлөг онгоцыг онилсон гэж мэдэгджээ. ОХУ энэ талаар албан ёсны тайлбар өгөөгүй байна.

В.Зеленский олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, "Оросын түрэмгийлэл үргэлжилж байгаа цагт эзлэн түрэмгийлэгчдийн флот болон түүнийг дэмжиж буй дэд бүтэц аюулгүй байхгүй" гэжээ.

Новороссийск нь Оросын Хар тэнгисийн флотын гол баазуудын нэг бөгөөд Крымийн Севастополь дахь бааз Украины байнгын довтолгоонд өртсөний улмаас олон хөлөг онгоцыг тус хот руу шилжүүлээд байсан юм.

Харин үр тарианы худалдааны томоохон хоёр компани терминалууд нь цохилтод өртсөнийг баталсан байна. Үүний дараа ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам ачаа тээврийн урсгалыг Балтын болон Каспийн тэнгисийн боомтууд, мөн хуурай замын чиглэлд шилжүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгджээ. Цохилтын дараа Новороссийск хотод олон удаагийн дэлбэрэлт болж, нисгэгчгүй онгоцны цохилтоос үүдэн дамжуулах хоолой гэмтэж, усан хангамж тасалдсан тул онц байдал зарласан байна.

Краснодарын хязгаарын захирагч Вениамин Кондратьевын мэдээлснээр, бүс нутгийн хэд хэдэн газарт хэдэн зуун нисгэгчгүй онгоц довтолж, олон арван барилга байгууламж, орон сууц эвдэрч сүйджээ. Сүүлийн саруудад Хар тэнгист үүсээд байсан харьцангуй тайван байдал дахин алдагдаж, Киев, Москва хоёр бие биенийхээ боомт, тээврийн дэд бүтэц болон усан онгоцуудыг онилох болсон байна.

Сонирхуулахад, Орос бол дэлхийн хамгийн том улаан буудайн экспортлогч орон. Гэсэн хэдий ч Хар болон Азовын тэнгис дэх нөхцөл байдлын улмаас наймдугаар сарын экспорт сүүлийн таван жилийн дундажтай харьцуулахад хоёр дахин буурч магадгүй гэж шинжээчид үзэж байна. Украин дахь дайн эхэлснээс хойш дэлхийн хүнсний нийлүүлэлтэд учрах эрсдэл нэмэгдэж, ялангуяа Хойд Африк, Ойрхи Дорнод болон Азийн олон улс үр тарианы нийлүүлэлтэд санаа зовсоор байгаа юм. 

Эх сурвалж: BBC