Улсын арслан Ц.Бямба-Отгон үндэсний бөхийг дэмжин ажилладаг “Нутгийн буян” группээс гарах хүсэлтээ өгчээ.
Тэрбээр энэ тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж, “Нутгийн буян” группт талархаж явдгаа илэрхийлсэн байна. Ц.Бямба-Отгон “Нутгийн буян” группийг үндэсний бөхийг хоёргүй сэтгэлээр дэмждэг байгууллагын нэг хэмээн онцолж, тус компани олон бөхийг цалинжуулан нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхийн зэрэгцээ Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран намрын нээлтийн барилдааныг жил алгасалгүй зохион байгуулж, үндэсний өв соёлоо дэмжин ажилладаг хэмээн дурджээ. Мөн тус группийн бөхчүүдээс нэг компанийн хоёр бөх улсын наадмын үзүүр, түрүүнд шалгарч барилдсан нь ховорхон тохиох амжилт болохыг онцолсон байна.
Тэрбээр “Хувь хүний хариуцлагынхаа хүрээнд сүүлийн жилүүдэд улсын наадамдаа тодорхой амжилтгүй барилдсан тул компаниасаа гарах хүсэлтээ өгсөн” хэмээн тайлбарлажээ. Улсын арслан Ц.Бямба-Отгон “Нутгийн буян” группийн захирал Л.Бат-Орших болон Б.Отгонжаргалд энэ хүртэл тусалж, дэмжиж ирсэнд нь талархсанаа илэрхийлээд, ажил үйлсэд нь амжилт хүссэн байна.