“Улаанбаатар” клуб “Challenge League”-ийн урьдчилсан шатанд “Хан Юан”-тай тоглоно

“Улаанбаатар” клуб “Challenge League”-ийн урьдчилсан шатанд “Хан Юан”-тай тоглоно

Монголын Дээд лигийн гурван удаагийн аварга “Улаанбаатар” клуб Азийн хөлбөмбөгийн холбооны (AFC) “Challenge League” тэмцээний 2026/27 оны улирлын урьдчилсан шатанд Хятадын Тайбэйгийн “Нью Тайпэй Хан Юан” клубтэй учраа таарчээ.

Хоёр багийн тоглолтын өмнөх хэвлэлийн хурал өнөөдөр болж, “Улаанбаатар” клубийн ахлах дасгалжуулагч Марио Песо, багийн ахлагч Д.Төрбат, “Хан Юан” клубийн ахлах дасгалжуулагч Хун Чин-Хаи болон багийн ахлагч Хуан Юн-Чун нар оролцлоо. “Улаанбаатар” клубийн ахлах дасгалжуулагч Марио Песо өрсөлдөгч багийн онцлог, давуу болон сул талыг судалсан бөгөөд тоглолтыг өөрсдийн давуу талд тулгуурлан явуулахыг зорьж байгаагаа хэлэв. Тэрбээр “Энэ тоглолтод манай баг бүрэлдэхүүн бүх талаар бэлэн болсон. Өмнө нь Хятадын Тайбэйд ажиллаж байсан туршлагатай учраас өрсөлдөгч багийн онцлог болон давуу, сул талуудыг мэднэ. Бид тоглолтыг удирдаж, өөрсдийн давуу байдлаа гаргахыг хичээж тоглоно. Хятадын Тайбэйн лиг эрт дууссан бол Монголын лиг дуусаад удаагүй байгаа. Тиймээс манай залуусын тоглолтын мэдрэмж өндөр байгаа. Багийнхаа тамирчдад 100 хувь итгэж байна” гэв.

Харин багийн ахлагч Д.Төрбат “Улаанбаатар” клубийн гол зорилго олон улсын түвшинд өрсөлдөх бөгөөд энэ тоглолтыг онцгойлон хүлээж байснаа онцоллоо. “Манай клубийн гол зорилго олон улсын түвшинд гарах. Тиймээс бидний хүсэн хүлээсэн мөч ирээд байна. Бид өмнө нь Азийн цомын тэмцээнд Тайванийн багуудтай нэг хэсэгт тоглож, хожиж, хожигдож байсан туршлагатай. Гэхдээ энэ удаад хожигдох эрхгүй чухал тоглолт хийж байгаагаараа ялгаатай. Үр дүнгээ авахын тулд хэрхэн тоглох хэрэгтэй вэ гэдгээ сайн төлөвлөсөн. Бид улсынхаа аварга баг. Үзэгч, дэмжигчдийнхээ хүлээлтэд хүрсэн хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Гоё тоглолт болно. Баг тамирчдаа дэмжээрэй” хэмээлээ.

Өрсөлдөгч “Хан Юан” клубийн ахлах дасгалжуулагч Хун Чин-Хаи Монголын багуудын тоглолтын арга барил, онцлогийг судалсан гэдгээ хэлээд “Улаанбаатар” клубийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд эрч хүчтэй, дайчин тоглодог баг хэмээн үнэлжээ. Тэрбээр “Монголын багуудын тоглолтын арга барил, онцлогийг судалсан. “Улаанбаатар” багийн хувьд бие бялдрын болон сэтгэл зүйн хувьд маш эрч хүчтэй, дайчин тоглодог баг. Тиймээс бидний хувьд амаргүй тоглолт байх болно” гэв. Мөн “Хан Юан” клубийн ахлагч Хуан Юн-Чун Монголд ирээд орчин нөхцөл, бэлтгэлийн талбай болон уур амьсгал сайн байгааг онцолж, баг нь уг тоглолтод удаан хугацаанд бэлтгэсэн гэдгийг хэллээ.

“Улаанбаатар” болон “Нью Тайпэй Хан Юан” багийн тоглолт маргааш 16:00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болно.