ВИДЕО: Оросууд цар тахлын үед Ялалтын баярыг хэрхэн тэмдэглэж байна вэ

ВИДЕО: Оросууд цар тахлын үед Ялалтын баярыг хэрхэн тэмдэглэж байна вэ

Жил бүрийн тавдугаар сарын 9-ны өдөр Зөвлөлт холбоотон улсын цэргүүд дэлхийн II дайнд нацист Германыг ялсны Ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ өдөр ОХУ-д зохион байгуулагддаг цэрэг, армийн сүрт жагсаалыг олон орны төр, засгийн газрын  тэргүүнүүд үзэж сонирхдог. Тэгвэл энэ жил дэлхий дахинд нүүрлээд буй коронавирусийн цар тахлаас үүдэж Ялалтын баярын жагсаалыг хойшлуулсан. Ахмад дайчдыг эрсдэлд оруулахгүй гэсэн энэ шийдвэрийн хүрээнд агаарын үзүүлбэр, цахим концерт, галт наадам зэргийг зохион байгуулна. 

-АГААРЫН ЦЭРГИЙН ХҮЧНИЙ ҮЗҮҮЛБЭР- 

Нийт 75 байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэг оролцсон агаарын шоу нэг удаагийн форматаар Улаан талбай дээгүүр болох тухай Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдсэн. Агаарын шоуг ОХУ-ын 47 хот болон тус улсын цэргийн бааз байрладаг орнуудад зохион байгуулна. Нийтдээ 660 гаруй байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэг Ялалтын баярын агаарын шоунд оролцох гэнэ. Агаарын шоуг мэдээж телевиз болон онлайнаар шууд дамжуулан үзүүлж байна.

-ДЭЛХИЙН II ДАЙНД ОРОЛЦОГСДЫГ ЭРГЭН ДУРСАХУЙ-

Дэлхийн II дайнд тулалдаж, нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн тэдний гэрэл зургийг барин жагсдаг уламжлалт арга хэмжээ энэ жил онлайнаар болно. Дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд хоёр сая гаруй хүний зураг, тайлбарын хамт ирсэн байна. Эдгээр хүмүүсийн ар гэрийнхэн өнөөдөр 19.00 цагаас “День Победы” дууг тагтан дээрээсээ дуулна.

 -ЁСЛОЛЫН БУУДЛАГА-

Ялалтын баярын уламжлалт ёслолын буудлага энэ жил баярын төгсгөлд болдгоороо болно. Ёслолын буудлага оройн 22.00 цагт орон даяар эхлэх бөгөөд цэргийн буудлага ч үүнд багтжээ.

-ЦАХИМ ҮЗВЭРҮҮД-

ОХУ-д тогтоосон хөл хориотой холбогдуулан энэ өдөр дуучдын тоглолт, музей, кино зэрэг үзвэрүүдийг цахимаар үзэх боломжтой болгожээ. “Ялалтын дуунууд” нэртэй онлайн тоглолтод ОХУ-ын рок дуучин “Uma2rman”, Александр Ф.Скляр, Светлана Сурганова нар оролцож хуучны дуунуудыг эргэн олон нийтэд таниулах гэнэ. Мөн тусгай аппликейшны тусламжтайгаар  дайнд онцгой үүрэгтэй оролцсон хот, тосгодыг гар утсаараа үзэх боломжтой болжээ. Москва хотын удирдлагууд онлайн порталыг нээснээр дэлхийн II дайны гол үйл явдлуудын тухай баримтат болон уран сайхны кино, эрдэмтэн судлаачдын лекцийг үзэх боломжийг олгосон байна.