Манай улс сүүлийн жилүүдэд олон тулгуурт, тэнцвэртэй гадаад бодлогын хүрээнд Төв Азийн таван улстай харилцаагаа шинэ шатанд гаргахыг зорьж, өндөр дээд түвшний харилцан айлчлал, хамтын ажиллагааг эрчимжүүлж байгаа билээ. Үүгээр дамжуулан худалдаа, тээвэр логистик, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин, бүс нутгийн холболтыг бэхжүүлэх нь Монголын гадаад бодлогын чухал чиглэл болж байна.
Монгол Улс, Төв Азийн орнуудын харилцааны үндэс нь орчин цагийн дипломат харилцаагаар хязгаарлагдахгүй, олон зууны түүхэн хэлхээ холбоонд тулгуурладаг учиртай юм. Тодруулбал, XIII зуунд өнөөгийн Төв Азийн ихэнх нутаг, тэр дундаа Тажикистан, Казахстан, Узбекистаны газар нутаг Их Монгол Улс болон Цагаадайн улсын бүрэлдэхүүнд багтаж байсан аж. Үүгээр ч зогсохгүй Евразийг холбосон Торгоны замын аюулгүй байдал, худалдааг монголчууд голлон зангидаж, бүс нутгийн ард түмэнтэй эдийн засаг, соёлын нягт харилцаатай байжээ.
Энэ түүхэн харилцаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр Монгол Улс Төв Азийн бүс нутагтай хамтын ажиллагаагаа сэргээн өргөжүүлэх үндэс суурь нь болж буй юм. Түүнчлэн газар зүйн хувьд далайд гарцгүй, хоёр их гүрний дунд оршдог Монгол Улсын хувьд Төв Азийн орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх нь гадаад бодлогын орон зайгаа тэлэх, эдийн засгийн шинэ гарц бий болгох, түүхэн холбоогоо орчин цагийн дипломот харилцаагаар бататгах стратегийн ач холбогдолтой алхам болж байна.
-СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД АЗИЙН ТАВАН УЛСТАЙ ХАРИЛЦААГАА ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА -
Монгол Улс 2023-2026 оны хугацаанд Төв Азийн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогоо эрчимжүүлж, идэвх сулраад байсан төрийн тэргүүний түвшний харилцааг шинэ шатанд гаргалаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэрэгжүүлсэн харилцан төрийн айлчлалуудын үр дүнд Монгол Улс Төв Азийн таван улстай улс төрийн харилцаагаа бэхжүүлж, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг шинэчилсэн төдийгүй худалдаа, эдийн засаг, тээвэр логистик, эрчим хүч, хөдөө аж ахуй, боловсрол, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг бодит агуулгаар өргөжүүлэх суурийг тавьсан юм. Өнөөдрийн байдлаар Төв Азийн улсуудтай манай талаас тогтоогоод харилцаа, хамтын ажиллагааны түвшинг дор дурдвал:
Казахстан
2024 оны аравдугаар сард Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын төрийн тэргүүний түвшний айлчлал 16 жилийн дараа хэрэгжсэн түүхэн үйл явдал болсон юм. Энэ үеэр талууд харилцаагаа "Стратегийн түншлэл"-ийн түвшинд хүргэх хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж, Монгол Улсын стратегийн түншлэлтэй ес дэх улс болов. Үүний үргэлжлэл болгон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны дөрөвдүгээр сард Казахстан улсад төрийн айлчлал хийж, хамтын ажиллагааг дараагийн шатанд ахиулсан.

Узбекистан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Узбекистан улсад хийсэн төрийн айлчлалын хариуд 2025 оны зургаадугаар сард Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Энэ айлчлалын үеэр хоёр улс "Иж бүрэн түншлэл" тогтоож, Узбекистан нь Төв Азийн бүс нутаг дахь Монгол Улсын ийм түвшний харилцаатай анхны улс болсон юм. Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх 15 баримт бичгийг байгуулсан.

Киргизстан
Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров 2023 онд Монгол Улсад төрийн айлчлал хийснээр хоёр улсын өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээ дахин эрчимжсэн. Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 онд Киргизстанд төрийн айлчлал хийж, талууд "Иж бүрэн түншлэл" тогтоохоор тохиролцов. Айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан.

Туркменистан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 онд Туркменистан улсад төрийн айлчлал хийсний дараа 2025 онд Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад хариу айлчлал хийсэн нь хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших төрийн тэргүүний түвшний анхны харилцан айлчлал болсон юм. Айлчлалуудын үр дүнд худалдаа, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх эрх зүйн баримт бичгүүдийг байгуулжээ.

Тажикистан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны долоодугаар сард Тажикистан улсад төрийн айлчлал хийснээр 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших Монголын төрийн тэргүүний анхны айлчлал болсон юм. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн "Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл" гаргаж, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарын 11 баримт бичигт гарын үсэг зурсан. Харин 2026 онд Ерөнхийлөгч Эмомали Рахмоны Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь энэхүү харилцааны үргэлжлэл болж, Төв Азийн таван улстай тогтоосон Монгол Улсын шинэ шатны хамтын ажиллагааны сүлжээг бүрэн гүйцээж буй онцлох үйл явдал болж байна.

-ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХ 11 САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА -
Тажикистан нь Төв Азийн өмнөд хэсэгт оршдог, бүс нутгийн аюулгүй байдал, ус, эрчим хүчний асуудалд чухал байр суурь эзэлдэг улс юм. Уулын орон болохын хувьд усны асар их нөөцтэй бөгөөд усан цахилгаан станцын үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүрт тооцогддог. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усны эрчим хүчийг хөгжүүлсэн туршлага нь Монгол Улсын хувьд хамтран ажиллах боломжтой чиглэлүүдийн нэг гэж үздэг. Ерөнхийлөгч Эмомали Рахмоны Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь улс төрийн өндөр түвшний харилцааг бататгахаас гадна хоёр улсын хамтын ажиллагааг бодит агуулгаар өргөжүүлэх чухал алхам болов. Айлчлалын хүрээнд талууд нийт 11 баримт бичигт гарын үсэг зурж, дипломат харилцаанаас эхлээд худалдаа, тээвэр, боловсрол, уул уурхай, байгаль орчин зэрэг олон салбарын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг өргөжүүллээ.

Эдгээрээс хамгийн онцлох баримт бичгийн нэг нь дипломат болон албан паспорт эзэмшигчдийг харилцан 30 хүртэл хоног визгүй зорчуулах тухай хэлэлцээр байв. Энэхүү шийдвэр нь хоёр улсын албан ёсны айлчлал, төлөөлөгчдийн солилцоог нэмэгдүүлэх, улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх шинэ боломж нээж байна. Мөн олон улсын автотээврийн хэлэлцээр байгуулснаар худалдаа, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, гуравдагч улс руу дамжин өнгөрөх тээврийн шинэ гарц бий болгох эрх зүйн орчин бүрдэв. Хөдөө аж ахуйн салбарт ургамлын хорио цээр, хүнсний аюулгүй байдал, 2026-2028 оны хамтарсан замын зураглалыг баталж, хоёр улсын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэхээр тохиролцсон юм. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн нөхөн сэргээлт, мөсөн голын хамгаалалтын чиглэлээр хамтран ажиллах, залуучууд, спортын солилцоог өргөжүүлэх, уул уурхайн аюулгүй ажиллагаа, геологийн судалгаа, боловсрол, мэргэжлийн боловсролын салбарт хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичгүүдэд гарын үсэг зурсан нь хамтын ажиллагааг илүү бодит төсөл, хөтөлбөрүүдээр баяжуулах суурийг тавилаа.