Монголын нутгаас бүрэн бүтэн хэлбэрээр олдсон хамгийн эртний нум, сум нь Түрэгийн үеийнх бөгөөд одоогоос 1400 гаруй жилийн өмнө тоор жимсний модоор урласан болохыг судлаачид тогтоожээ

Монголын нутгаас бүрэн бүтэн хэлбэрээр олдсон хамгийн эртний нум, сум нь Түрэгийн үеийнх бөгөөд одоогоос 1400 гаруй жилийн өмнө тоор жимсний модоор урласан болохыг судлаачид тогтоожээ

Ховд аймгийн Манхан сумын нутагт орших сүрлэг Жаргалант хайрхан уулын Өмнөхийн ам хэмээх газарт цуварсан дэл хадтай толгой бий. Чухам энэ толгойн байгалийн цооног хадны агуйгаас 2008 оны зургадугаар сард ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд болох профессор Ц.Төрбат, Д.Батсүх нараар удирдуулсан хээрийн шинжилгээний анги нэгэн сод нээлтийг хийсэн нь түүхэнд "Жаргалант хайрханы хадны оршуулга" хэмээн тэмдэглэгджээ.

-МОНГОЛ НУТГААС ОЛДСОН ХАМГИЙН АНХНЫ БҮРЭН БҮТЭН, ХАМГИЙН ЭРТНИЙ НУМ СУМ-

Уг булшинд ойролцоогоор 166.7 см өндөр нуруутай, 20-25 орчим насны залуухан морьтон дайчныг оршуулсан байв. Энэхүү малтлага нь Евразийн археологийн түүхэнд нүүдэлчдийн зэр зэвсэг, өвч хэрэгслийг хамгийн бүрэн бүтэн, анхны байдлаар нь гаргаж авсан цөөн хэдэн тохиолдлын нэг болсон байдаг. Тэгвэл тэрхүү оршуулгаас олдсон нум сум нь Монгол нутгаас олдсон хамгийн анхны бүрэн бүтэн, хамгийн эртний нум сумд тооцогддог байна. Судалгаагаар уг нумын их биеийг тоор жимсний модны мөчрөөр урласан болохыг тогтоожээ. Нүүдэлчид зөвхөн нэг төрлийн модоор нум хийдэггүй байсан бөгөөд нумыг маш хүчтэй, хугарамтгай биш, уян хатан болгохын тулд "нийлмэл нум”-ны аргыг хэрэглэж байв.

Уг аргын дагуу модон голыг янгир болон зэрлэг үхрийн эвэр (хуудас элэг), амьтны шөрмөстэй давхарлан загасны цавуугаар нааж, гадна талаар нь хусны үйс болон арьсаар ороож хамгаалдаг байжээ. Энэхүү технологи нь нумыг татах үед асар их эрчим хүчийг хуримтлуулж, сумыг маш хол зайд, хуяг дуулгыг нэвтлэх хэмжээний хүчтэй харвах нөхцөлийг бүрдүүлдэг байна.

-САРНАЙН БУТНЫ МОД НЬ ХАТСАНЫ ДАРАА МУРУЙЖ ТАХИЙДАГГҮЙ, САЛХИНЫ ЭСЭРГҮҮЦЛИЙГ ДААХ ЧАДВАРТАЙ БАЙДАГ ТУЛ ЭРТНИЙ ЗЭВСГИЙН УРЛААЧИД ОНЦГОЙЛОН СОНГОДОГ БАЙВ-

Саадагнаас гарсан багц сумнуудын материал, хийц нь нарийн нандин урлалыг илтгэдэг байна. Сумны голыг маш шулуун, хөнгөн бөгөөд бат бөх байлгах үүднээс сарнайн бутны мөчрөөр хийсэн байж. Сарнайн бутны мод нь хатсаны дараа муруйж тахийдаггүй, салхины эсэргүүцлийг даах чадвартай байдаг тул эртний зэвсгийн урлаачид онцгойлон сонгодог байжээ. Саадаг доторх бүх сумны унжлага, тэнцвэржүүлэгч өдийг цармын бүргэдийн өдөөр хийсэн байжээ. Бүргэдийн өд нь бусад шувууны өдийг бодвол ширүүн, нягт бөгөөд агаарын урсгалыг зүсэхдээ гайхалтай тул сумыг байндаа мэргэн, чиглэлээ алдахгүй тусахад гол үүрэг гүйцэтгэдэг байсан гэдэг.

Саадагнаас 20 ширхэг төмөр болон ясан зэв, 23 ширхэг сумны мөс (модон гол) олдсон байна. Зэвнүүд нь ан агнуурын болон байлдааны хуяг нэвтлэх зориулалттай, өөр өөр хэлбэр дүрстэй байв.

Тус нум сумыг зүгээр нэг арьсанд боож хадгалаагүй, маш чамин хийцтэй арьсан болон модон хоромсогонд нарийн дарааллаар байрлуулсан байжээ. Дайчин эрийн агсарга бүс, саадагны хос гархины төмөр товруун дээр мөнгөн ялтас гүйж хавчуулсан байсан нь уг нум сумны эзнийг жирийн нэгэн цэрэг биш, нөлөө бүхий, чинээлэг, сурвалжит язгууртан байсныг харуулдаг.  

Өдгөө 1400 гаруй жилийн настай Түрэгийн үе, VII-VIII зуунд хамаарах  уг нум сум, саадаг нь Монголын Үндэсний Музейн Түрүү дундад зууны танхимд зориулалтын температур, гэрэл, чийгшлийн нарийн хяналт бүхий шилэн хоргонд байнгын үзүүлэг хэлбэрээр хадгалагдаж байна. Эдгээр олдворууд нь Монголын үндэсний сурын харваа, нум сум урлалын олон мянган жилийн уламжлал хэрхэн технологийн өндөр түвшинд өвлөгдөж ирснийг дэлхийн соёл иргэншлийн түүхэнд батлан харуулсаар байгаа юм.