Эхнэр нь гаднаас сормуусаа дэрвүүлэн орж ирээд, Д.Ган-Очирын үг, Цэн.Эрдэнэбатын хөгжим "Хун цагаан хайр" дууг сонссоноо хэлэв. Өөрийнх нь шүлэгт хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат аялгуу бичиж, дуу болсныг хамгийн анх эхнэрээсээ сонсож байгаа нь энэ. "Хүн үр хүүхдээ төрүүлчихээд араас нь явдаг. Харин би халууны тэмээ шиг шүлэг минь ямар дуу болсныг ч мэдэхгүй сууж байсан" хэмээн тэр инээмсэглэн дурсаж байлаа.
"Дэвэн дэвэн сэтгэл дэрвүүлэн
Холдон холдон бодлоос холдоно" гэсэн мөрүүд нь өнөөгийн залуусын "зүрхний" дуу болсон, энэ дууны шүлгийг, тэр ч байтугай аяыг хэн зохиосныг мэдэх нь ховор. Тэгвэл бид Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Ган-Очирын номын өргөөнд зочилж, "Хун цагаан хайр" дуу хэрхэн бүтсэн түүхийг ярилцлаа.
ВИДЕО:
- Урилгыг маань хүлээн авч, биднийг номын өргөөндөө урьж, баяр наадмын дугаарын маань зочноор оролцож байгаад маш их баярлалаа.
- Isee.mn цахим мэдээллийн сайтын хамт олон номын өргөөнд маань зочлон ирж, миний олон дуунуудаас “Хун цагаан хайр” дуу бүтсэн түүхийг олон түмэнд таниулж байгаад баяртай байна.
- Хоёулаа яриагаа "Хун цагаан хайр" дууны яруу найраг бүтсэн түүхээс эхэлье.
- “Хун цагаан хайр” бол хүн албаар бичдэг ч юмуу, тэрэнд зориулж тэгнэ гэж хүчээр хийсэн дуу биш л дээ. Энэ бол зүгээр сэтгэлийн дуудлагаар бүтсэн дуу. Хаа байсан 2007 онд бичсэн. Би Төмөрзамын эмнэлэгт хэвтэж байхдаа бичсэн юм. Үүнээс өмнө Анир студи дээр хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбаттай таарсан юм. Тэгэхэд хоёулаа нэг гоё юм хийе л дээ гээд өнгөрсөн юм. Эрдэнэбат маань ч найздаа ганц дууны шүлэг өгөөч гэсэн урилга байсан. Шүлгээ өгчихөөд л тэр чигтэ мартчихаж. Үүнээс нэлээд хэдэн жилийн дараа нэг өглөө манай эхнэр гаднаас сормуусаа дэрвээд л ороод ирлээ. Ямар учиртай юм гэтэл “Би дөнгөж сая автобусанд Д.Ган-очирын шүлэг Цэн.Эрдэнэбатын аялгуу “Хун цагаан хайр” гэдэг дуу сонсоод ирлээ” гэж байна. Хүн уг нь үр хүүхэд төрүүлчихээд хойноос нь явдаг бол би гэж нэг амьтан халууны тэмээ шиг шүлэг нь ямар дуу болсныг мэдэхгүй л сууж байгаа юм.

- Яруу найраг бүтсэний цаана, ая зохионо гэж нэг том даваа бий. Ард түмэн тэр дууг аялах үгүйг ч ая нь хамгийн их шийддэг байх л даа. "Хун цагаан хайр" дууны хөгжмийг бичсэн Цэн.Эрдэнэбат найзыгаа дурсаж яривал.
- “Хун цагаан хайр”-ыг би цаанаа л нэг Ардын дууны өнгө аястай дуу гэж боддог юм. Тэрийг нь хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат найз маань маш гоё мэдэрсэн байгаа юм л даа. Өөрөө бас яруу найргийн өндөр боловсролтой хүн шүү дээ. Бид хоёр олон жил найзалж нөхөрлөсөн ч хэрнээ ганц л сайхан уран бүтээлтэй болцгоосон улс. Тэр нь ч хангалттай. Одоо бол эхнийхээ дуунаас болохгүй учир хоёр талдаа өндөр хариуцлагатай л яваад байгаа. Бид хоёр хамтарч хийсэн нэгхэн дуутай хэрнээ би Цэн.Эрдэнэбатыг судалдаг юм. Олон дуутай цаадах чинь. Гэхдээ би тэрэн дотроос морин хуурын симфониудад нь дуртай. Хааяа өглөө босоод өөрийнхөө үеийн хөгжмийн зохиолчдын томоохон концертуудыг сонсож, кофе уугаад суудаг юм. Миний цонхны цаана өвөл болно, миний цонхны цаана намар болно, миний цонхны цаана хавар болно, миний цонхны цаана одоо зун болж байна. Одоо бороо орно.
- Тэгэлгүй яахав. Нээрээ л одоо бороо орно. Наадам болно. Хүмүүс аялал зугаалганд явна. Ингэхдээ таны зохиосон дуунуудыг машиндаа сонсоод явна. Тэр дундаа залуучууд “Хун цагаан хайр”-ыг хоршиж дуулна. Энэ танд ямар санагддаг вэ. Би дуу зохиож үзээгүй болохоор мэдэхгүй юм. Танд өөрөөрөө бахархаж, баярлах сэтгэл төрдөг үү?
- Миний аавын ээж надад миний хүү хүнд хэрэгтэй юм хийгээрэй гэж дандаа захидаг байсан юм. Тэгээд би олон сайхан шүлэг бичиж, олон сайхан уран бүтээл хийгээд тэрийг нь дуучид дуулаад, ард түмэнд хүрээд, хүмүүс уйлж дуулаад хайрлаж энэрээд, бие биенийгээ ойлгоод явах нь миний хамгийн том аз жаргал. Өнөөдөр 21-р зууны залуучуудын хайр сэтгэлийн, бие биенээ ойлгох гэсэн идэр залуучуудын амны, сэтгэлийн, зүрхний дуу болж чадсанд би их баяртай байна.
- МУГЖ Л.Болдбаатар дуучин ч их сайхан дуулсан. Дуучин маань өөрөө "GenZ" үеийнхний дунд "од" болоод байгаа шүү дээ.
- Энэ дуу маань явж байна. Л. Болдбаатар дуулсныг мэдлээ. Тэгээд ямар Болдбаатар байна гээд хайсан чинь нөгөө 1991 онд Найрамдал зусланд амарч байхдаа өмөөрч хайрлаж хамгаалж байсан Болдбаатар дүү маань болж таараад. Бид хоёр зусланд байхдаа мэндтэй устай, дагуулж явдаг байсан дүү минь юм. Тэр үед би улсын "Хүрэл тулга" наадамд гуравдугаар байранд орж Найрамдал зусланд нэг сар амрах эрхээр шагнуулаад, Болдоо маань бас дууны тэмцээнд орж шалгараад ирсэн байсан байх. Хөөрхөн дуулдаг, "Ачтайхан ээжийнхээ асрал хайрыг...." гээд Цэрэнчимэд гуайн өнгө аясаар ямар гоё дуулдаг хүүхэд байсан гэж санана. Олон жилийн дараа “Хун цагаан хайр” дууныхаа ачаар энэ дүүгээ олж авсан даа. Манай Болдоо дүү бол их аятайхан, донжтой дуулсан. Олон дуу дуулсан. Түүн дотроос “Хун цагаан хайр”-ыг өөрийнхөө өнгө донж, Болдбаатар хийцээрээ дуулж байгаа юм. Дууныхаа мөрийг мэдэрч дуулна гэдэг бол нэлээн уншдаг, боловсролтой, мэдлэгтэй хүний хийдэг ажил.

- Энэ дууг хэнд зориулж бичсэн нь таны сонсогчдод хамгийн сонин байгаа болов уу. Та энэ дууг хэнд зориулж бичсэн бэ?
- Хүмүүс наадхыг чинь их асуудаг юмаа. Нэг эзэнтэй л байж таараа гээд. Хун цагаан хайранд бол эзэн байхгүй. Тухайн үеийн онгодоор хийсэн гэж ойлгож болно. Уран бүтээлч нарт дүр босгох гэж нэг юм байна. Тэр эмэгтэйн нүдийг, тэр эмэгтэйн уруулыг, тэр эмэгтэйн үсийг гээд нэг дороо төсөөллийн дүр бүтээж л байгаа юм л даа. Д.Ган-очир гэдэг хүний дурлал нь ямар юм, дурлаад хайрлах нь ямар юм гэдэг нь мөн энэ дотор бий. Тэгээд бас одоогоос 19 жилийн өмнөх миний идэр залуу үеийн хүсэл тэмүүлэл, дурлал гэдэг бэхэнд үзгээ дүрж бичсэн мөр бадгууд ямар өнгө аястай байсныг энэ дууны яруу найраг нь илэрхийлж байгаа юм.
- Тэгвэл та "Хун цагаан хайр" дууны үгийг бичихдээ ямар эмэгтэйн дүрийг сэтгэлдээ бүтээсэн юм бэ. Надад дүрслээд хэлж болох уу?
- Хүн чинь дурлахгүйгээр залуу насыг туулвал утгагүй шүү дээ. Дурлаж л байдаг. Тэгээд хүн чинь хүртээгүй юмандаа илүү их шунадаг, хүрээгүй юмандаа илүү их тэмүүлдэг юм. Хүрээгүй нь ч сайхан, хүртээгүй нь ч сайхан. Тийм учраас энэ бүтээл төрсөн болов уу гэж бодож байна. Одоо өөрөө өөрийгөө тайлж байна шүү дээ. Тэгээд нууц юм бол нууцаараа л үлдсэн нь гоё.
