Ж.Лхам: "Хулгар хүрэн" азаргаа аргагүй эрхэнд агтад явуулсан ч, гурван жилийн дараа Вьетнамаас гүйгээд ирж байлаа

Ж.Лхам: "Хулгар хүрэн" азаргаа аргагүй эрхэнд агтад явуулсан ч, гурван жилийн дараа Вьетнамаас гүйгээд ирж байлаа

"Унаганаас нь хайрлаж өсгөсөн азаргаа аргагүйн эрхэнд агтад явуулсан ч гурван жилийн дараа эх орон, ижил сүрэгтээ гүйгээд ирэхэд нь магнай тэнийн баярлаж байлаа. Гуяндаа хилийн өргөст тортой, эцсийн мөчөө шавхаад ирэхэд нь ажаа, ижий нар минь бүхий л эрхэм чадлаа гаргаж, хөл дээр нь босгож байлаа.

Хүн, адуу хоёр хүйн биш ч ямар нэгэн салшгүй холбоотой гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн хүн дээ би" хэмээн хоолойн зангируулан, нулимс дуслуулан ярих 80 гаруй насны буурай бол Вьетнамаас гурван жил орчим гүйж, эх нутаг, ижил сүрэгтээ ирсэн Хулгар хүрэн азарганы эзэн Төв аймгийн Мөнгөнморьт сумын уугуул Жадамбын Лхам гуай. Тэрбээр олны дунд үлгэр домог мэт яригдаж ирсэн "Хулгар хүрэн" азарганы бодит түүхийг анх удаа өөрийн биеэр бидэнтэй хуучилж, монгол адууны цог хийморь, гайхамшгийг түүхийн шаргал хуудсанд мөнхөллөө.

 ВИДЕО: 

Төв аймгийн Мөнгөнморьт сумаасаа олон жилийн өмнө Улаанбаатар хотыг зорьсон Ж.Лхам гуайг бид олж, хөөрөлдөхөөр удаан хугацаа зарцуулж, олон хоног ярилцсаны эцэст ярилцлага авах зөвшөөрлийг түүнээс авсан гэдгийг энд тодотгоё. Учир нь Ж.Лхам гуай "Эмээ нь камерын өмнө ярьж үзээгүй, нас өндөр гарсан тул үг хэл ойлгомжгүй байх вий" хэмээн болгоомжилсон хэрэг. Гэсэн ч "Хулгар хүрэн" азарганых нь талаарх бодит түүхийг түүнээс өөр хуучлах хүн ховор тул Ж.Лхам гуай бидний ярилцах хүсэлтийг хүлээн авсан нь энэ. 

Ингээд Вьетнамаас эх орон, ижил сүрэгтээ гүйж ирсэн "Хулгар хүрэн" азаргыг яагаад ийн нэрлэх болсон талаар бид яриагаа эхлүүлэв.   

-"ХУЛГАР ХҮРЭН" АЗАРГА УНАГАНДАА ОСГОЖ, ЧИХ НЬ ХӨЛДСӨН ТУЛ ТЭР ХЭСГИЙГ НЬ ҮЙЛНИЙ ХАЙЧААР ХАЙЧИЛЖ, ЭДГЭЭЖ БАЙЖЭЭ-

Төв аймгийн Мөнгөнморьт сумын малчин Жадамба

Ж.Лхам гуай "Хулгар хүрэн" азарга минь хавар эрт, цас ханзраагүй байхад төрсөн юм. Эх нь хээр унагалаад унага нь хөлдүүс болох гэж байхад нь нагац ах н.Мижид маань хээрээс авчирч, ижий минь том гэрээ зайчилж, өрхөө дэвсэж оруулаад, бүлээн хар цай, нэрмэл архи өгч, туурайг нь бид цасаар үрж ёстой бүхий л арга чаргаа хэрэглэж байж мал болгож авч байсан. Тэр үед унаганы чих хөлдөөд ус гоожоод байснаа сүүлдээ нөгөө чих нь харлаад орчин үеийнхээр яривал никроз буюу үхжил өгч байсан. Тиймээс ижий минь үйлнийхээ хайчийг усанд буцалгаад дараа нь зуухан дээрээ халааж байгаад хөлдсөн чихийг нь өөлж хайчлаад мөлгөр болгочихсон юм. Тэгээд л хөөрхий чих нь эдгэрээд, тэр цагаас хойш "Хулгар хүрэн" гэдэг нэртэй болсон юм даа.

Би багадаа хүрэгч гүү, борогч гүү, хээр морь гээд гурван адуутай л байсан юм. "Хулгар хүрэн"-ий эхийг яг хэзээ, ямар үед ажаа маань надад зүсэлж өгснийг би сайн санадаггүй ээ. Ямартай ч миний нэр дээр байдаг байсан. Тэгээд миний гүүнээс төрсөн унага учир "Хулгар хүрэн" минийх болсон хэрэг" хэмээн ярьсан юм.

Харин Ж.Лхам гуай "Хулгар хүрэн" азаргаа агтад явуулах шийдвэрийг хэрхэн гаргаж байснаа ярихдаа сэтгэл нь их л эмзэглэж буй бололтой, олонтой санаа алдаж, хоолой чичрүүлэн хуучилж суулаа. 

-"ХУЛГАР ХҮРЭН"-ЭЭ АГТАД ЯВУУЛАХ ШИЙДВЭР АМАРГҮЙ БАЙВ-

"Хулгар хүрэн" азарганы эзэн Ж.Лхам

.."Унаганаас нь хайрлаж өсгөсөн болохоор "Хулгар хүрэн"-дээ би маш их хайртай байлаа. Гэтэл тэр үед морьдыг агтад явуулах гэж нэг их айхтар зүйл байдаг байсан юм. Ажаа маань нам засгийн даалгаврыг биелүүлэхээр олон адуу агтад морь уясан ч тэр жил ерөөсөө морьд нь агтад тэнцэхгүй, хасагдаад байсан юм билээ. Ажаа маань сэтгэл нь таагүй болохоороо өндөрхөн газар очоод суучихдаг хүн байсан юм. Тэгээд нэг өдөр яг л нөгөө өндөрхөн газраа очоод суучихсан харагдаж байна. Тэгэхээр нь би ижийгээсээ "Ажаа маань яасан юм бол доо" гээд асуутал "Нөгөө хэдэн морьд нь агтад тэнцдэггүй ээ. Одоо чиний "Хулгар хүрэн" азарга л үлдлээ. Тэгээд яаж тэрийгээ уях вэ дээ. Одоо тэгээд яадаг юм байгаа юм, нам засгийн даалгаврыг биелүүлээгүй гээд бас хэл ам болох л байх даа" гэдэг байгаа. 

Тэр үед надад үнэхээр хэцүү байсан ч ажаагаа хэсгийн төлөөлөгчид дуудуулж, хариуцлага хүлээх юм болно гэж бодоод өндөрлөг дээр сууж байсан ажаа руугаа гүйж очоод "Хулгар хүрэн" азаргыг маань агтад уявал уяхгүй юу даа" гэж хэлээд гэр рүүгээ гүйчихсэн. Ингээд л "Хулгар хүрэн" азарга маань агтад явсан юм даа. Тэр үед ажаадаа "Хулгар хүрэн"-гээ агтад явуулахад нь гаргаж өгөхийг хүссэн ч ажаа маань зөвшөөрөөгүй. Харин "Хулгар хүрэн"-г цэргүүдэд хүргэж өгөх манай нутгийн арслан Дугар гэж хүнийг ажаа ижий хоёр маань сайхан дайлж цайлаад, арав, гурван төгрөг өгөөд азаргыг маань харж хандаж явахыг захиж байлаа. Харин Дугар гуайг буцаж ирэхэд нь хэрхэн хүрснийг асуухад "Хулгар хүрэн" адуун сүргийг захалж яваад хоёр ч удаа гүйх гэж оролдсон. "Хонгор"-ын өртөөн дээр вагонд ачихад нь цэргүүдэд сайн захиж хэлсэн" гэж билээ. Уг нь эцэг малыг авч явахгүй байх болов уу гэж битүүхэн бодож, буцаад ирэх болов уу гэж горидлого тээж байсан маань тэр үед бүр мөсөн үгүй болсон доо" хэмээгээд ихэд уртаар санаа алдав. 

-АГТАД ЯВУУЛСАН "ХУЛГАР ХҮРЭН" АЗАРГА ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ГУЯНДАА ХИЛИЙН ӨРГӨСТ ТОРТОЙ, САРЛАГ ШИГ АМЬТАН ХОТОНДОО ИРЖ БАЙЖЭЭ- 

...Ж.Лхам гуай агтад явуулсан "Хулгар хүрэн" азаргаа эргээд ирнэ чинээ зүүдэлж ч байгаагүй гэдэг. Гэтэл намрын нэгэн өглөө... гээд л Ж.Лхам гуайн нүд нь сэргээд, баяртай мэдээ дуулгах гэж байгаа нь илт "Хулгар хүрэн" азарганы ижил сүрэгтээ гүйгээд ирсэн түүхийг бидэнд ярьж өгөв.  

"Манайх Тэрэлжийн Дөрвөлжин гэдэг нэг их сайхан газар  намаржиж, хаваржиж, заримдаа бүүр өвөлждөг ч байсан юм. Харин нэг намар сургууль эхлээгүй байсан үе л дээ. Ижий маань өглөө эрт босоод яндангаа хөөлөөд орж ирэхдээ "Үхрийн хашааны хойно нэг бараан мал ирээд үхчхэж дээ. Шаазгай шувуу цуглаад байна" гэдэг юм. Тэгэхэд нь ажаа маань "Урьд шөнө нохой энэ тэр хуцсан уу, адуу янцгаасан уу, чөдөртэй морь байна уу. Яагаа ч үгүй л байх ёстой доо" гэж ярьж байснаа хувцсаа өмсөөд гарлаа даа. 

"Хулгар хүрэн" азарганы эзэн Ж.Лхам

Тэгсэн хотны хойно ижийгийн хэлсэнчлэн шаазгай шувуу цугласан нэг бараа юм хэвтэж байж л дээ. Тэгээд болгоомжлоод чулуу, хомоол шидэж, шувуунуудыг үргээхэд нэг адуу эргэж харсан байгаа юм. Тэгэхэд нь ажаа нэг их хачин сэрд хийгээд явчихсан гэсэн. Тэгээд юу юугүй гүйж очоод чихийг нь бариад үзсэн чинь яах аргагүй "Хулгар хүрэн" мөн байсан байгаа юм. 

Ингээд л ажаа маань гэрт буцаж орж ирээд "Хөөе хөөе хүүхдүүд минь босоорой нөгөө "Хулгар хүрэн" чинь хүрээд ирсэн юм шиг байна шүү" гэдэг байгаа. Тэр үгийг сонссон бид ч сүйд майд болж, ёстой л нөгөө хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхсөн юм шиг болцгоосон доо. Харин ижий маань тэр үед огт тоохгүй, "Юу яриад байгаа юм бэ дээ. Сайн харсан юм уу. Ийм олон жил болж байхад юу гэж ирэх вэ дээ" л гэж байна. Гэтэл ажаа маань ижийгээс нэг хадаг гуйж аваад "Хулгар хүрэн" руу алхлаа даа. Тэр үед ижий маань "Хүүхдүүдээ хамаагүй битгий ойртуулаарай Хаанаас ч ирсэн юм. Өвчин зовлонтой байх вий. Салхиных нь доод талд нь битгий очоорой" гээд л...

Тэр үед ажаа маань бидэнд хандаж, "Нагац ах нараа дуудаад ир" гэдэг юм. Манай Мижид гээд нагац ах маань жаахан хэл муутай дүлий ч их ухаантай хүн байсан юм. Тэр ахдаа хэлтэл хөөрхий минь сайхан хувцаслаад л хутга мутгаа зүүгээд, малгай толгойгоо өмсөөд бид нарыг дагаад "Хулгар хүрэн" дээр очлоо. Тэгсэн ах маань адууны сүүлэнд юм эрж байснаа нэг утас шиг юм гаргаж, ирээд толгой сэгсрээд, ажаад нөгөө юмаа үзүүлж байна. Тэгсэн анх агтад явуулахад нь булигаар хийсэн хуруувч шиг зүйлд тарни хийж, шөрмөсөөр бөхлөөд явуулж байсан нь байж л дээ. Ингэж "Хулгар хүрэн"-ийг мөн байна гэдгийг таньсан юм даа. Тухайн үед "Хулгар хүрэн" маань тамгатай талаараа хэвтчихсэн нөгөө талынх нь гуянд хилийн өргөст тор шигдчихсэн байсан юм билээ. 

Ижий минь "Хулгар хүрэн"-г хараад учиргүй их уйлж билээ. Тэгэхэд ажаа маань "Уйлах цаг олдноо хө. Харин одоо "Хулгар хүрэн"-ээ яах вэ л гэж байна. Гэтэл Базар ах маань "Өө малын эмчид явъя аа" гэж байна шүү. Тэгсэн ижий маань "Чи одоо хүний төлөө хэсгийн төлөөлөгчид хичнээн дуудагдсан билээ. Одоо бас ахыгаа тэгэх чинь дутаад байна уу" гээд хэлсэн Базар ах "Үгүй ээ яагаад" гэж байна. Гэтэл ижий маань "Яах юу байх вэ. "Хулгар хүрэн"-г гүйгээд ирснийг хэн нотлох юм. Асуудал гарвал яах юм бэ" л гэж байна.

Базар ах маань анчин хүн л дээ. Тийм болохоор ижий маань "Энэ адуу чинь тэнгэрээс бууж, газраас гараад ирнэ гэж байх уу. Яахаараа ингээд хэвтэж байдаг юм бэ. Ямартай ч явж машин мотоциклны мөр хайж ир" гээд Мижид ахыг явууллаа. Тэгсэн ах удсан үгүй хүрч ирээд "ерөөсөө тийм юм алга. Дунд зам хүрээд л энэ нохой маань зогсчхоод явахгүй байна" гэдэг юм. 

-ЭЦЭЖ ТУЙЛДСАН АЗАРГЫГ МААНЬ ТОМЧУУД "МАЛ БОЛГОЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЁСООР БОЛГОЖ, ТОЛГОЙГ НЬ МӨНХ ЖАРГАЛАНТ ХАЙРХАНДАА ТАВИНА ДАА" ГЭЖ БАЙВ-

...Биеэр нь дүүрэн өргөс шигдэж, эцэж, туйлдсан "Хулгар хүрэн" азаргаа хүнээс нууж, дээр нь майхан бариад эмчилж эхлэв ээ. Тэр үед томчууд "Ямартай ч хөл дээр нь босгох гээд үзье. Үнэхээр болохгүй бол ёсоор болгож, толгойг нь Мөнх Жаргалант хайрхандаа тавьж сүүлийг нь авахаас өөр арга байхгүй дээ" гэж ярьж байсныг би их л тод санадаг юм.

Ингээд хонь, ямаа хоёр төхөөрөөд гарлаа. Би ч "найрлах гэж байгаа юм болов уу даа" гэсэн юм бодож байтал арьсаар нь азаргаа хучиж, сэвсээр нь бургуй тавьж, Тэрэлжийн голоос ус авчирч алт шиг шар гуулин төмпөндөө ус хийж өгөөд л эмчилж гарваа. Тэр шөнө ижий маань дээр нь майхан барьсан "Хулгар хүрэн" азаргыг Минжид ахыг буутай нь сахиулж хонуулж байсан юм. Учир нь азаргыг маань хэн нэгэн, магадгүй хар гарагийн ч билүү тэд нь авчраад тавьсан байж мэднэ гэж болгоомжилсон хэрэг л дээ хөөрхий. Гэтэл "Хулгар хүрэн" маань тэр шөнөдөө сэргээд босоод ирсэн юм даа" хэмээгээд Ж.Лхам гуайн санаа амрав бололтой хэсэг амарч, халуун цайгаа оочиллоо.  

Ж.Лхам гуайн ижий их ажилтай, ухаан сийрэг, сэргэлэн хүн байсан бол ажаа нь ном уншлагатай нэгэн байсан гэдгийг Ж.Лхам гуай ярилцлагынхаа үеэр хэдэн онцолж, тэднээрээ үргэлж бахархаж, зүрхэндээ хайрлаж, зургийнх нь өмнө цай сүүнийхээ дээжийг өдөр бүр өргөж энэ хүрсэн гэдгээ тодотгож байв. Мөн Ж.Лхам гуай нас ахимаг болсон үеэсээ эхлэн "Хулгар хүрэн" азаргаа ихэд санаж, зүүдлэх болсон тул азаргатайгаа ижил төрхтэй адууг сэтгэлдээ зураглаж, зүрхэндээ тээж явах болжээ. Ингээд нэг удаа "Цэцэг төв" төвөөр хүүтэйгээ явж байгаад хүрэн азарганы сувинер олж авч, түүнийгээ Ганданд авч очоод, ламаар аравнайлуулан шүтэх болсон байгаа юм.  

"Ж.Лхам гуайн "Хулгар хүрэн" азарга БНСВУ-ын "Дан Дон" гэх өртөөн дээр анх буух үедээ, өөр нэгэн морьтой хамт хашаа даван зугтаж байсан түүхтэй. Тухайн өртөө нь БНХАУ-ын хилээс 3 км орчим зайд байрлах бөгөөд өртөө нь битүү ой модоор хүрээлэгдсэн, байгалийн үзэсгэлэнт газар байрладаг байгаа юм. Тийм ч учраас "Хулгар хүрэн" азарга тус ойн сан бүхий газар руу зугтаж, Монгол руугаа гүйсэн нь энэ аж. 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө