Үндэсний их баяр наадмын нээлтэд "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах "Миний нутаг" дууг ганцаараа дуулсан нь зарим хүмүүсийн анхаарлыг татаад буй. Тэгвэл тус хамтлагийн дуучин Маадай буюу Б.Баяржаргал цахим хуудаснаа ийн бичжээ.
Тэрбээр "Хүү "Ааваа Амараа ах наадмын нээлтэд ганцаараа Миний нутаг дууг дуулж байна. Сонин юм бэ" гэнэ. Тэр асуултад би хэсэгхэн зуур хариулж чадсангүй. Уг нь бид энэ жилийн наадмын нээлтэд Төр түмнээ хүндэтгэн хамтдаа “Миний нутаг” дуугаа дуулж, ижилхэн улаан дээлээ өмсөн тайзан дээр гарахаар ярилцсан. Гэтэл хэд хоногийн өмнөөс холбоо тасарч, утсаа ч авсангүй. Монгол Улсын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн “Миний нутаг” гэх энэ агуу шүлгийг дуу болгон бүтээж, олон түмний хүртээл болгосон нь миний оруулсан хөдөлмөр бүтээл. Гэхдээ би хэзээ ч минийх гэж эгодоогүй, биднийх гэсээр өдий хүрсэн. Миний аялгуу, аранжровшик, найрууллага, шийдэл. Үүгээрээ би үргэлж бахархаж дуулах бүртээ эрч хүч энерги авч эх орноороо бахархан омогшдог. Анд бүжгээ сайхан бүжиглэчихдэг дээ. Амжилт, алдар нэрээр ганцаараа амбицлах хүсэл хэзээ ч хүнийг хол авч явдаггүй. Үүнийг өдий насандаа ойлгосон баймаар. Бидний нөхөрлөлд алдаа, оноо аль аль нь бий. Гэхдээ түүнээс илүүтэй хамтдаа бүтээл туурвиж, хамтдаа тайзан дээр асаж, хамтдаа түмэндээ хайрлагдаж, хүндлэгдэж явсан сайхан дурсамж олон. Увайгүй занг чинь уучилсаар л.нөхөрлөлдөө хүлээцтэй хандаж ирсэн. Анд гэдэг нэрийг зүүх амархан. Харин андын үнэнч зан, итгэлийг насан туршдаа авч явах л хамгийн хэцүү" гэжээ.