Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд оролцох уралдаанч хүүхдийн аюулгүй байдал хангагдсан эсэх, уралдааны замын нөхцөл байдал, гарааны зурхай, гарааны төхөөрөмжийн аюулгүй байдлыг газар дээр нь шалгалаа.
Мөн Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны гишүүдтэй уулзалт зохион байгуулж, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Комиссын гишүүн Ж.Хунан "Үндэсний их баяр наадам бол Монголын төрт ёс, түүх, соёлын үнэт өв юм. Энэхүү уламжлалыг хадгалан хөгжүүлэхийн зэрэгцээ уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг бүрэн хамгаалж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь төрийн байгууллага бүрийн хамтын үүрэг юм. “Хамгийн чухал зүйл бол хүүхэд бүр эсэн мэнд гэртээ харих явдал" хэмээн онцоллоо.
Тэрбээр уралдааны замын нөхцөл байдалтай танилцаж, наадмын үеэр ажиллах байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Түүнчлэн замын эвдрэл, гэмтлийг яаралтай засварлах, хог хаягдлыг бүрэн цэвэрлэх, цаашид уралдааны замын стандарттай болох шаардлагатайг анхаарууллаа. Мөн одоо ашиглаж буй гарааны төхөөрөмж нь төмөр хийц, гагнаастай тул морь бүдрэх, хүүхэд унаж бэртэх эрсдэл үүсгэж болзошгүй байгааг дурдан, үүнийг нэн даруй засварлаж, цаашид олон улсын жишигт нийцсэн аюулгүй гарааны төхөөрөмж нэвтрүүлэх талаар санал боловсруулах шаардлагатайг онцлов.
Уулзалтын үеэр сэрвээний өндрийг хэмжих цэгээс гарааны шугам хүртэлх хэсгийг тасралтгүй хяналтын бүс болгох, хүүхдийн эрхийн чиглэлээр ажиллаж буй байгууллагуудын ажилтнуудад бусад байгууллага, ялангуяа цагдаагийн байгууллага дэмжлэг үзүүлэх, морь бариач, морь тавиачдын эрх, үүргийг нэг мөр болгон зохицуулах, хариуцлагыг сайжруулах, уралдааны замыг стандарттай болгох зэрэг асуудлыг тусгасан Комиссын гишүүний зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээ мэдэгдлээ.
Түүнчлэн Үндэсний их баяр наадам, даншиг, бүсийн хурдан морины уралдаан болон хуульд заасан хугацаанд орон нутагт зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээний үеэр хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь зөвхөн хүүхэд хамгааллын байгууллагын бус, бүх талын хамтын хариуцлага гэдгийг онцоллоо.