Монголын Ширээний теннисний холбооны хүсэлтийн дагуу Олон улсын ширээний теннисний холбоо (ITTF)-ноос Дэлхийн ширээний теннисний холбооны (WTT) залуучууд, өсвөр үеийн ангиллын дэлхийн чансааны оноо олгох олон улсын хоёр тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрхийг олгожээ.
Тэмцээнүүдийг энэ сарын 14-18, 20-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах бөгөөд олимпийн эрхийн оноо олгох WTT-ийн тэмцээнийг Монгол Улс анх удаа эх орондоо хүлээн авч буйгаараа онцлог юм.
Энэ тэмцээнд ширээний теннисний спортоор дэлхийд тэргүүлэгч орнууд болох БНХАУ, Япон, Сингапур, БНСУ, ХБНГУ, Тайван, Энэтхэг, Австрали, Нидерланд зэрэг 30 гаруй орны шилдэг тамирчид, дасгалжуулагчид болон албаны төлөөлөгчдөөс бүрдсэн 700 гаруй зочин Монгол Улсад хүрэлцэн ирж, олимпийн эрхийн оноо авахын төлөө өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна. Оролцогчид WTT-ийн дэлхийн чансааны оноо цуглуулахаас гадна ирээдүйн олимпийн эрхийн төлөөх өрсөлдөөнд чухал нөлөө үзүүлэх оноо авах боломжтой юм. Мөн тэмцээнүүд нь Монгол Улсад олон улсын хэмжээний спортын арга хэмжээ зохион байгуулах туршлагыг нэмэгдүүлэх, дотоодын тамирчдад дэлхийн шилдэг өрсөлдөгчидтэй эх орондоо хүч сорих боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж Монголын Ширээний теннисний холбооноос мэдээллээ.