Цэргийн цол, чимэг олгох 35 дахь удаагийн "Бүх цэргийн наадам 2026" аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан энэ оны зургаадугаар сарын 6-нд болсон билээ.
Тэгвэл Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу шөвгийн наймд үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. Бүх цэргийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд цол, чимэг хүртэх болзол хангасан, тав болон түүнээс дээш давсан нийт найман бөхөөс допингийн сорьц авч, лабораторийн шинжилгээнд хамруулжээ. тус шинжилгээгээр шөвгөрсөн бөхчүүдээс ямар нэгэн хориотой бодис илрээгүй аж.
21.5. “Аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг 2025 оны баяр наадмаас эхлэн авна.”
"Сорьцуудыг 2026 оны 6 дугаар сарын 6-ны өдөр цуглуулан Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездены Допингийн шинжилгээ, спортын биохимийн институтэд (Institute of Doping Analysis and Sports Biochemistry, Dresden, Germany) хүргүүлэн лабораторийн шинжилгээнд хамруулсан. "Лабораторийн шинжилгээний тайлангаар бүх сорьцод хориотой бодис илрээгүй байна. Монголын Допингийн эсрэг үндэсний байгууллага нь допингийн хяналтыг холбогдох олон улсын стандарт, үндэсний хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, үндэсний бөхийн нэр хүнд, шударга өрсөлдөөнийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Энэхүү мэдээллийг Засгийн газрын баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэм болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд олон нийтэд мэдээлж байна" гэж Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдээллээ.
