"Зүүн бүсийн хурд-2026" наадамд түрүүлсэн бүх насны морьдын эздэд 80 лангийн цул мөнгөн цом гардуулна

"Зүүн бүсийн хурд-2026" наадамд түрүүлсэн бүх насны морьдын эздэд 80 лангийн цул мөнгөн цом гардуулна

Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор Зүүн бүсийн хурдан морьдын уралдааныг 2026 оны долдугаар сарын 24-26-ны өдөр Сүхбаатар аймагт зохион байгуулахаар товлосон. 

Тус уралдааныг "Жавхлант шарга" МСУХ, Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо болон Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм. Зүүн бүсийн хурдан морины уралдааныг 6 насны есөн ангиллаар зохион байгуулах бөгөөд уралдааны өмнө хэмжилтэд оруулж, барианд орж ирсний дараа дахин хэмжилт хийж баталгаажуулах аж.

Мөн энэ удаагийн уралдааныг Сүхбаатар аймгаас тодорсон алдарт хурдан хүлгүүдийн нэрэмжит цомын төлөөх уралдаан болгон зохион байгуулахаар төлөвлөж, зураг төсөл бүрэн боловсруулагдан, бүтээн урлах ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Энэхүү цом нь 80 лангийн цул мөнгөн цом байх бөгөөд уяачийн гэр бүлд үеийн үед өвлөгдөн үлдэх дахин давтагдашгүй, нандин дурсгал болно гэдгийг зохион байгуулагчид тодотгожээ. Цом 40х28 хэмжээтэй, хийморийн морин тагтай бөгөөд Монгол үндэсний уран сийлбэрээр чимэглэсэн тусгай хайрцагтай байх аж.