ШУУРХАЙ: П.Товуудорж, Б.Нямаа нарын хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож, Н.Тавинбэхийг жолоочоо "Эрдэнэтийн ДС"-аас цалинжуулсан хэмээн яллажээ

ШУУРХАЙ: П.Товуудорж, Б.Нямаа нарын хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож, Н.Тавинбэхийг жолоочоо "Эрдэнэтийн ДС"-аас цалинжуулсан хэмээн яллажээ

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Нямаа нарыг АТГ-аас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тодруулбал, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг дээрх нэр бүхий хүмүүстэй бүлэглэн Монгол Улсад хийгдэж буй төсөл болох Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн хүрээнд ажлын гүйцэтгэл нь хангалтгүй байсан зөвлөх үйлчилгээ үзүүлэгч "Грийн Энержи Интернэйшнл" ХХК-ийн гэрээний хугацааг сунгуулах болон 2.6 сая ам.доллар буюу 7 тэрбум төгрөгөөр зөвлөх үйлчилгээний төсвийг нэмэгдүүлэн тухайн аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас мөрдөн шалгаж, улмаар хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байсан юм. 

-П.ТОВУУДОРЖ, Б.НЯМАА НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ-

Тэгвэл прокуророос Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Нямаа нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан байна. Харин Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг "Өөрийн жолоочийг Эрдэнэтийн дулааны цахилгаан станцаас цалинжуулж, Улаанбаатар дулааны цахилгаан станцаас актлагдсан хашаагаар модны хашаа хийсэн" гэх хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэнгийн хүн гэгддэг буюу орон тооны бус зөвлөхөөр нь ажиллаж байсан Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Нямаа, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж нарт холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож, харин "Д.Амарбаясгалангийн хүн" гэгддэг Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг "жолоочоо цалинжуулсан, актлагдсан төмөр хашааны хэрэг"-ээр хэргийг нь шүүхэд шилжиж буй бололтой. Товчхондоо, “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-өөс зөвлөхийнхөө компанид 7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэх хэрэгт холбогдсон Б.Нямаа, П.Товуудорж нарын хэрэг хэрэгсэхгүй болж, Н.Тавинбэхийн хэрэг "актлагдсан төмөр хашааны хэрэг" болж, шүүхэд шилжжээ. 

ВИДЕО: 

-"Н.ТАВИНБЭХ ЗӨВЛӨХИЙНХӨӨ КОМПАНИД 7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОСОН"-

Эргэн сануулахад, АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт дээрх хэргийн талаар “Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газартай хамтран 10 аймгийн дулааны цахилгаан станц барих 2019 онд 148.7 сая ам.долларын, 40 жилийн хугацаатай гэрээ байгуулсан.

Эрчим хүчний яамнаас 2019 онд төсвийн зөвлөх үйлчилгээгээр БНСУ-аас хоёр, Монгол Улсаас хоёр аж ахуйн нэгжийг шалгаруулж 2019 оны долдугаар сарын 31-нд 9 сая гаруй сая ам.долларын гэрээ байгуулсан. Зөвлөх үйлчилгээний ажил хангалгүй, хугацаа дууссан байхад тухайн үеийн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зөвлөх үйлчилгээний хугацааг сунгаж, төсвийг 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлж, Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон. Зөвлөх үйлчилгээ үзүүлсэн гэж 2.1 сая ам.доллар буюу 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг гаргуулан авсан. Уг хэрэгт холбогдуулж гурван хүнийг баривчилсан” хэмээн мэдэгдэж байсан юм.

ВИДЕО: