Боловсролын яам болон Боловсролын үнэлгээний төвөөс 2026 оны улсын шалгалт, Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Боловсролын үнэлгээний төвийн дарга Э.Цоодолын мэдээлснээр энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 49,014 шалгуулагч бүртгүүлсэн байна. Тэдний 87 хувь нь энэ оны төгсөгчид бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид аж. Мөн бүртгүүлэгчдийн 55 хувийг эмэгтэй, 45 хувийг эрэгтэй шалгуулагч эзэлж байна. Нийт шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэлд, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлжээ. Харин хамгийн олон шалгуулагч математик, англи хэл, нийгэм судлалын хичээлээр шалгалт өгөхөөр сонгосон байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 25-28-ны өдрүүдэд улс даяар зохион байгуулагдана. Энэ жил шалгуулагчид өмнөх жилүүдийн адил гэрээний хуудас авч явахгүй бөгөөд шалгалтын танхимд заалны жагсаалт болон суудлын хуваарийн дагуу сууж шалгалтаа өгөх юм.
Шалгалтыг улсын хэмжээнд 55 төвд зохион байгуулж, 3500 гаруй багш, хянагч ажиллана. Мөн шалгалтын аюулгүй байдлыг хангах зорилгоор хяналтын багш нарын гар утсыг тусгай хамгаалалтын түгжээтэй кейсэнд хадгалж, холбооны сүлжээний хязгаарлалт хийх зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ.
Түүнчлэн тусгай хэрэгцээт шалгуулагчдад зориулсан нэмэлт шалгалтын төвүүдийг бэлтгэн ажиллуулах юм.
Энэ жилийн шалгалтын хуваарь:
- Зургаадугаар сарын 25 – Англи хэл, түүх
- Зургаадугаар сарын 26 – Хими, газар зүй, нийгэм судлал
- Зургаадугаар сарын 27 – Биологи, математик
- Зургаадугаар сарын 28 – Физик, орос хэл, монгол хэл
Шалгуулагчид шалгалтын байранд нэг цагийн өмнө ирж, анги танхимдаа шалгалт эхлэхээс 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх шаардлагатай. Хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүйг анхаарууллаа. Мөн шалгалтад орохдоо бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын баримт бичгийг заавал авч ирэх ёстой юм.