Солонгосын олимпийн медальт тамирчин бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

Солонгосын олимпийн медальт тамирчин бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

Өмнөд Солонгосын жүдогийн спортын оддын нэг, 2008 оны Бээжингийн олимпийн мөнгөн медальт Ван Ки-Чун өнгөрөгч Баасан гаригт өсвөр насны охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

Дэгү хотын цагдаагийн газраас өчигдөр энэ тухай мэдээлсэн бөгөөд 31 настай Ван Ки-Чунд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ял тулгаж байгаа аж. Одоогоор түүний хэргийн талаар тодорхой мэдээлэл ил болоогүй байна.

Ван Ки-Чун 1995 оноос эхлэн жүдогоор хичээллэн 2007 болон 2009 онуудад ДАШТ-нд түрүүлж 2008 оны Бээжингийн олимпийн -73 кг жинд гайхалтай барилдаж мөнгөн медаль хүртэж байсан юм.

Тэрбээр 2016 онд зодог тайлан төрөлх Дэгү хотдоо өөрийн нэрээр жүдогийн бэлтгэлийн төвөө нээж, өдгөө Өмнөд Солонгос улс даяар зургаан салбартай болж хүрээгээ тэлжээ.