П.Мөрөн "Ралли-3" ангилалдаа түрүүлж, монгол хүн FIM Дэлхийн аваргын цувралд түрүүлсэн анхны тохиолдол боллоо

П.Мөрөн "Ралли-3" ангилалдаа түрүүлж, монгол хүн FIM Дэлхийн аваргын цувралд түрүүлсэн анхны тохиолдол боллоо

Аргентин улсын Сан Хуан хотод “Ралли Рейд”-ийн дэлхийн аваргын цувралын гуравдугаар гараа өндөрлөлөө. 13 дахь удаагийн раллигийн мотоциклийн төрөлд 78, автомашины төрөлд 38 баг өрсөлдсөн юм.

Энэхүү “Desafio Ruta 40” уралдаанд манай улсаас “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Батмөнх, “КТМ Монголиа”-гийн тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нар уралдав. “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Б.Батмөнх таван өдрийн уралдааны дараа нийт тамирчдаас 27, ралли2 ангилалдаа 17 дугаар байрт хурдалснаар 12 оноо авч, 2027 оны “Дакар ралли”-д эрхээ албан ёсоор авлаа. Тэгвэл 2026 оны “Дакар ралли”-д уралдсан хашир мастер П.Мөрөн ралли3 ангилалдаа зургаан гараанд дараалан түрүүлснээр нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлж, аваргын цом өргөжээ. Ингэснээр монгол хүн FIM Дэлхийн аваргын цувралд түрүүлсэн анхны тохиолдол боллоо.